Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Apple, Google компаниуд COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг өнөөдөр иргэн бүрт илгээнэ

Огноо:

,

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 19-ний өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Вьетнам улсын шингэн хүнсний магнат найман жилийн хорих ял сонслоо

Огноо:

,

Вьетнам улсын шингэн хүнсний магнат Тран Куи Тан нь 2019 болон 2020 онд хөрөнгө оруулагчдыгаа 40 сая доллароор залилсан хэрэгт буруутгагдаж өнгөрөгч пүрэв гарагт найман жилийн хорих ял сонслоо.

Хо Ши Мин хотын шүүх Тран Куи Тан болон мөн түүний хоёр охиныг 2019, 2020 онд хөрөнгө оруулагчдадаа зээл олгох замаар тэднийг залилсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Тэрбээр 71 настай, Тан Хиеп Фат группийн (савтай цай, энергийн ундаагаараа алдартай Вьетнамын хамгийн том шингэн хүнс үйлдвэрлэгчдийн нэг) үүсгэн байгуулагч бөгөөд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг залилах үйл ажиллагаа хийсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Зээлдэгч нар зээлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлэн төлсөн ч гэрээгээ зөрчсөн гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар Тан барьцаалсан хөрөнгүүдийг буцааж өгөхөөс татгалздаг байсан.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын орлогч Таны 43 настай охин Тран Уен Фуонг-д шүүхээс дөрвөн жилийн хорих ял, 40 настай бага охин Тран Нгок Бич-д гурван жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Шүүхийн өмнө Тан болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэлжээ. Мөн тэрээр "Надад өршөөл үзүүлж, нийгэмд эргэн ирж ажлаа үргэлжлүүлэх боломжийг надад олгоосой” хэмээн хүслээ.

Тус улсын авлигыг устгах кампанит ажлын хүрээнд 4400 гаруй хүн эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаагийн дотор төрийн албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчид байлаа.

Эх сурвалж: https://www.aljazeera.com

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 21-нээс 2024 оны тавдугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ

Огноо:

,

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан.

Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо харгалзахгүйгээр хүсэлтийг үндэслэн хамруулна. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага 2 жилд нэгээс илүүгүй удаа хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд, ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад жилд хоёроос илүүгүй хамрагдах эрхтэй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага, төрийн бус байгууллагыг хөтөлбөрийн хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээний арга хэмжээнд хамруулахгүй бөгөөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөгч нь Монгол Улсын иргэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:

-Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам, ажилтны мэдээлэл авах, хадгалах, ашиглах журам зэрэг дотоод хэм хэмжээг боловсруулах;

-Хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, хэлбэр, хэрэглээ, хөдөлмөрийн маргаан зохицуулах;

-Цалин хөлс, үндсэн болон нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцох;

-Ажил, амралтын цагийн зохицуулах;

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөх;

-Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэглээний талаар ажил олгогчдод мэргэжлийн зөвлөх үйлчилгээ;

-Хөдөлмөрийн харилцааны бусад асуудал зэрэг болно.

Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хөтөлбөрийн 2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт гарган хамрагдах боломжтой юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох