Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр /2021.07.31/ газар дээр нь ажиллалаа. Тус гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолж байлаа. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 18-наас 2024 оны тавдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Булган, Идэр, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Хариг, Булган, Үенч үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь

Огноо:

,

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны 05-р сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал:

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.

286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох