Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Яармаг, Зайсанд хийж буй гүүрийн байгууламжийн барилгын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тодруулбал, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 391.5 метр, 54.8 метр болон 36.7 метр урт гурван гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор Дунд гол дээгүүр баригдах урт төмөр бетон гүүрийн 39 ширхэг дам нуруу, завсрын тулгуурын баганыг цутгаж, завсрын хоёрдугаар тулгуурын арматурыг зангидаад буй. Мөн бэхэлгээний хавтангийн цутгалт эхэлжээ. Түүнчлэн 36.7 метр урт гүүрийн нийт 12 ширхэг дам нурууг цутгаж, 10 дам нурууны арматур хэлхээс зангидаад байна. Харин 391.5 метр урт төмөр бетон гүүрийн арванхоёрдугаар тулгуурын хуваарилах хавтанг цутгаад буй.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Яармагийн авто замын ачаалал, түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бүтээн байгуулалт бол энэ гүүрийн байгууламж. Эдгээр ажлыг хугацаанд нь гүйцэтгэж дуусгах нь маш чухал. Хугацаа алдахгүй байх үүднээс тал талдаа анхаарч ажиллах ёстой. Бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Засгийн газарт тавиад боломжит хувилбараар шийднэ. Барилга угсралт болон бусад ажилд холбогдох газрууд хяналт тавиад ажиллах хэрэгтэй хэмээлээ. Мөн гүүрийн байгууламжтай холбох авто зам, нүхэн гарцын барилгын ажлыг яаравчлахыг тэрбээр онцолж байв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

- Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна. Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрийн байгууламжийн ажил үргэлжилж байна. Зургаан эгнээ, дөрвөн гонхтой (амралтын тавцан) энэ гүүрийн бүтээн байгуулалтад гурван компани оролцож байгаа. Тэд өнгөрсөн оны есдүгээр сараас ажлаа эхлүүлсэн, одоогоор гүйцэтгэл нь 55 хувьд хүрээд байна. Ирэх есдүгээр сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 14.9 хувиар буурна хэмээсэн юм.

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дуусаад буй. Мөн 24 метр урттай, хүчитгэсэн 40 дам нурууг тавьсан бөгөөд дөрвөөс аравдугаар тулгуурын дам нурууг байрлуулж байна. Харин хуучин гүүрийн хувьд инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлын тодотгосон зураг төслийн ажил дуусаж, газрын эзэмшигчтэй зөвшилцөж эхэлжээ.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.

"ЗМЗ" ХХК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа:

- Шинэ, хуучин хоёр гүүрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Шинэ гүүрийн ажлын явц 85 хувьтай байгаа. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ хэмээлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 18-наас 2024 оны тавдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Булган, Идэр, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Хариг, Булган, Үенч үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь

Огноо:

,

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны 05-р сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал:

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.

286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох