Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Гансүх: Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж боддог

Огноо:

,

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой өнгөрсөн зургадугаар сард тохиож, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаараа хэлэлцэн, дурсамж, дурдатгалаа хүүрнэсэн түүхэн өдрүүд өнгөрлөө. Үүнтэй зэрэгцүүлэн Онцгой байдлын байгууллагад 24 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан,дэд хурандаа Бадамсамбуугийн Гансүхийг онцоллоо. “Аврах ажиллагаанд залуусыг бэлдэж, зохион байгуулж явсан тангараг өргөсөн алба хаагчдын л  нэг. Онцгой байдлын албанд дэд ахлагчаас дэд хурандаа хүртэл ажиллаж, олон ч хүний амийг аварч байсан ч тоог нь бол гаргаж байгаагүй хэмээн” яриагаа эхэлсэн юм.  Тэрбээр нийслэлийн аврах анги 105-аас ажлын гараагаа эхлүүлж, 2017-2019 онд Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн хэлтсийн дарга, 2020 онд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв 101, 105-ын ахлах зохицуулагч,  нийслэлийн Аврах ангид мэргэжилтэн, 2021 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч,  2021-2022 онд нийслэлийн Аврах ангийн штабын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

АВРАХ АЛБАНД НЯРАВ, НЯГТЛАНГААС БУСДЫГ НЬ ХИЙСЭН

    Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газраас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1998 оноос 2022 оны аравдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Шинэ цэргээс удирдах албан тушаалтан хийх хүртлээ нярав, нягтлангаас  бусдыг нь  хийсэн байна. Өөрөөр хэлбэл усчин, химичин, шүхэрчин аврагч, бүлгийн, салбарын, отрядын, штабын дарга гээд бүх л албан тушаалыг хашсан. Би онгирох дургүй л дээ. Гэхдээ аврагч болохоор шинэхэн залуучууд орж ирэхэд ахынх нь оронд ах, аавынх нь оронд аав болж явсан жирийн нэг л иргэн. Залуус маань талархснаа хэлдэг л юм. Анх аврагч болж байхад ах нар өөрсдийн олон ч туршлагаас хуваалцаж,  хөдөө, хээр явахад өвс, ургамлын өвчин анагаах ид шидийн талаар  хүртэл хэлж өгдөг байлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор тэр өвсийг нь зажлахаар үнэхээр л эдгэчхэж байгаа юм шиг болдог. Энэ олон жил аврах ажиллагаа зохион байгуулахдаа ямар  ч осол авааргүй, аврагчдаа эсэн мэнд авчирсан минь миний бахархал хэмээн хуучилна.

 Тэрбээр  Иргэний хамгаалалтын салбараас анхны “Шударга журам” медалийг 2002 онд хүртэж байжээ. Тухайн үед эхнэртэйгээ муудалцсан нэг залуу амиа хорлоно гээд бохирын цэвэрлэх байгууламжид орох гэж байхад нь аварсан аж. “Хүмүүс баас, шээсэнд сэлсэн л гэдэг юм. Би тэрийг тоогоогүй, тэнд байгаа хүний амийг аврах л чухал байлаа. Тэгэхэд залуу ч байж. Мөн нэг сонин үйл явдал болсон нь 2011 оны нэгдүгээр сарын 26-нд “East” төвд гарсан галыг очиж унтраасан. Тус төвийн ресторанд 2008 онд би хуримаа хийж байсан бол гал гарсан тэр өдөр миний төрсөн өдөр таарсан юм. Манай залуучууд бялуу үлээлгээд бид оройн хоолоо идэх гээд сууж байхад хонх дуугараад л галын дуудлагад гарсан нь энэ” хэмээн тайлбарлана.

 ГУРВАН ОСЛООС АМЬД ҮЛДСЭН НЬ

     Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж боддог. Тухайн  осолдсон онгоцонд сууж яваагүй ч яг тэнд хамт байх боломжтой байсан учраас тэр. Эхнийх нь, 2001 оны нэгдүгээр сард Увс аймгийн Малчин суманд болдог осол. Тэр үед Ш.Отгонбилэг сайд, хурандаа Д.Намсрай дарга нар хамт явсан юм. Уг нь тэд хоёр аврагч хамт авч явна гэж байлаа. Тэгтэл Ц.Тогоо хурандаа “Аврагч нар авч явахгүй. Олон хүн суухаар онгоцондоо багтахгүй” гээд бид үлдчихсэн юм. Хамт явах хоёр аврагчийн нэг нь би байсан болохоор “явуулахгүй” гэхэд нь ундууцаж л байлаа. Манай шүхрийнхэн чинь онгоцонд суугаад хөөрөх дуртай улс. Үнэхээр тэр онгоцоор явчихмаар л байсан. Тэгээд хамт явахааргүй болоод ажил дээр эргээд ирэхэд Цогтбаатар дарга “Та хоёр яваагүй юм бол жижүүрт гар” гэдэг юм. Тэгтэл тэр орой нь онгоц сүйрчихсэн. Тэгэхээр чинь “Бурхан намайг дээрээс хараа юм болов уу” гэж боддог юм билээ. Дараагийнх нь 2003 оны осол. Тэр үед аймгуудын шүхэрчдийн нэгдсэн буулт болох гэж байсан юм. Шүхрийн хамт 28 шүхэрчин авч явсан онгоц дөнгөж газраас хөөрөөд л доошоо шууд унасан. Тухайн онгоц далавчгүй, шулуун хөдөлгүүртэй болохоор тэгж унасан байх. Хэрэв тэр онгоц дээшээ хөөрсөн бол бас хэцүүдэх байсан шүү. Сүүлийнх нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу түймэр унтраахаар явсан нөхдийн минь осол. Тэр үед бид Тэрэлжид цуг үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Би эхэлж хүмүүсээ авч буугаад багийнхнаа тараачихсан байлаа. Нөгөө хэд маань хойноос бууж байсан. Тэгэхэд орлогч дарга Д.Батсайхан руу Ерөнхий газраас утасдаад “Танайх хэдэн шүхэрчинтэй вэ?” гэхээр нь “Манайх 14 шүхэрчинтэй” гэж. Тэгтэл нь “Аврагчдаа бэлэн байлгаж бай. Түймэрт авч явна” гэсэн юм билээ. Тэгэхээр нь “Манайх сая хүмүүсээ тараачихлаа” гэсэн чинь “Хэн та нарыг тараа гэсэн юм!” гээд арга хэмжээ авахаар боллоо. Тэр үед хойно үлдсэн аврагчид маань орж ирж таараад Сэлэнгийн түймэрт шууд явсан даа. Бид чинь тушаалаар л үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид шүү дээ.

БЭЛТГЭЛ БЭЛТГЭЛЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ АМИН ЧУХАЛ

     Аврах ажиллагаанд ороход хүнд хэцүү юм маш их тохиолдоно, шантрах үе ч таарна. Ер нь Онцгой байдлын албыг хүмүүс кинон дээр гардаг шиг гоёор төсөөлдөг. Кино нэг өөр, амьдрал нэг өөр. Мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Эхний жилдээ мэдэхгүй, хоёрдахь жилдээ ч мэдэхгүй. Гурав дахь жилээсээ л сая нэг дадлагажиж эхэлдэг. Том том аврах ажиллагаанд оролцож, олон сайхан хамт олонтой болсон байна. Тэр бүрээс хүний амийг аварч чадахгүй үлдэх үед л шантарчих гээд байдаг юм. Энэ үнэхээр хэцүү. 2007 онд түймэр унтраахаар яваад осолдсон нөхдөө аврахаар очих үнэхээр хүнд байсан. Хамтдаа инээлдэж хөхрөлдөөд явсан тэр өдөртөө л зарим нь тушаал авч нисээд осолдсон гэхээр маш харамсалтай. Тийм болохоор аврагчийн сэтгэл зүйн бэлтгэл юу юунаас илүү чухал. Хүн би тэнд заавал хүрнэ гэж бодоод зүтгэвэл хүрдэг шүү дээ. Гэтэл хамт ажиллаж байсан таньдаг мэддэг хүнээ аврахаар очиход аврагчийн сэтгэл зүй маш их нурдаг. Харин танихгүй хүн байсан бол “Би аварна” гээд л дайрна шүү дээ. Үнэнхүү урам зоригоор дийлдэж ирээд аврах төлөвлөгөөгөө, үйлдэл бүрээ дотроо бодоод ажилладаг. Харин мөр зэрэгцэн ажиллаж явсан хэд дээрээ очиход үнэхээр халширсан. Албанаасаа шантардаг юм билээ. 2007 оны тэр осол болоход би бүлгийн дарга байсан.

 

ШҮХЭРЧИН АВРАГЧААС УСЧИН АВРАГЧ БОЛСОН НЬ

     Би уг нь шүхрийн десантчин мэргэжлээр төгссөн. Манай үндсэн анги анх НАХЯ-ны харьяа Түймрийг агаараас эсэргүүцэн хамгаалах алба гэж байсан юм. Бид хэд шүхрээ бэлдээд байж байна. Шуудангийн онгоцноос түймэр гарч байгаа газрын газар зүйн огтлолцолын цэгийг зааж өгөхөд бид тэнд ажилладаг, өдөртөө нэг түймэр лав унтраадаг байлаа. Тэгсэн биднийг, гал сөнөөгчдийг галынхантай нь нэгтгэнэ гээд ОБЕГ-т харьяалуулсан. Тэгээд л хийх ажилгүй шахам болсон биднийг дахиад Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах, байгалийн гамшигтай тэмцэх анги болголоо. Тэр нь үер ус, автамашины осол, ахуйн осол гээд бүх төрлийн л дуудлагаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Ингээд л би анхны усчингуудын нэг болсон доо.

БИЕДЭЭ СПИРТ ТҮРХЭЖ МЭДРЭЛИЙН ЭСЭЭ ТҮР ҮХҮҮЛЭЭД УСАНД ШУМБАДАГ БАЙЛАА

     Одооны хүүхдүүд бол аврах ажиллагааанд шаардлагатай мэдээллийг интернэтээс хайгаад үзчихэж байна. Бидний хэдэн анхны усчид бол ном, гарын авлага үзээд, гадаад дотоодын сургалтад явж үзсэн харснаа хэрэгжүүлээд явдаг байлаа. Нэг ёсондоо бидэнд багш байсангүй. Аврах ажиллагааны сургууль төгссөн болохоор хар практикаараа л үүргээ гүйцэтгэнэ. Үнэнийг хэлэхэд бид тухайн үед хоёр хүний ногоон завиар аврах ажиллагаанд явдаг байв. Болоогүй бас тэрийгээ амаараа хийлнэ. Амаараа хийлж хийлж босоод ирэхэд толгой эргээд л явчихна шүү дээ. Хоёр хүний тэр завиараа зургуулаа явдаг. Нэг бүлэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй учраас тэр. Тэгээд усанд гайгүй сэлдэг мань хэд шиг нөхөд нь завинаасаа зүүгдээд живчихгүйхэн шиг явна даа. Аврах хантааз нь Оросынх, зориулалтын бус. За тэгээд зориулалтын усны хувцас бол бүр байхгүй. Турсиктэйгээ л ус руу орно доо. Арай нэг чадалтай чансаатай нь бассейнд зүүдэг нүдний шилтэй. Тэр шил чинь аврагчдын зориулалтын шил биш шүү дээ. Ингээд л шууд ус руу орно. Тэг болон түүнээс бага хэмийн хүйтэн усанд орохоор хүний нүдэнд цагаа тогтдог юм. Хамгаалалтын хувцасгүй болохоор эрэгтэй хүний төмсөг хамгийн түрүүнд хөлддөг. Тэгэхээр спиртээр биеэ арчаад, зуу татаад л ус руу орно. Заримдаа ургамлын тос, өөхөн тос биедээ түрхэнэ. Тэгэхээр ус тогтдоггүй юм. Ямар сайндаа тийм хар практикаар явсаар байгаад бид пад хар царайтай болохов дээ. Дээрээс нь аврах ажиллагаанд улирал гэж байдаггүй. Өвөл мөс цөмрөөд хүмүүс усанд осолдвол биеэ спиртээр арчиж, мэдрэлийн эсээ түр зуур үхүүлээд усанд шумбадаг байлаа. Одоо бол усчин аврагчид хамгаалалтын хэрэгсэлтэй, чанартай завьтай болжээ. Тэр үед завь олно, зөв завь сонгоно гэдэг ч амаргүй даваа. Учир нь, улс орон бүрийн цаг уур өөр байдаг. Тийм болохоор ижил цаг ууртай газраас завь авах хэрэгтэй байдаг. Бид тэр үед ёстой л цаана нь хүний амь бий гэж бодоод аль чадахаараа зүтгэдэг байж дээ.

ӨӨР ӨӨР САНААТАЙ ХҮМҮҮС НЭГ БАГ БОЛБОЛ ӨӨРСДИЙГӨӨ АВРУУЛАХАД ХҮРНЭ…

     Аврагчид 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Тэр 24 цагт юу ч болж болно. Тэгэхэд ар гэр гэдэгт ямар нэг юм болж байвал хэцүү. Бидний залууд бүгдийнх нь үр хүүхэд нялх нойтон байж. Амьдрал нь тэгширсэн, сургууль соёлоо төгссөн том хүүхэдтэй алба хаагч байсангүй. Тийм үед удирдагч хүн алба хаагчдынхаа сэтгэл зүйг мэдрэх маш чухал. Амьдрал л юм чинь эхнэртэйгээ хэрэлдчихээд ирсэн хүн ч байна. Тийм залуу хүн аврах ажиллаагаанд явбал сэтгэл санаа нь тогтдоггүй юм. Эхнэр минь яаж байгаа бол, хүүхэд минь өвдөж байгаа болов уу гээд бодоод явахаар мэддэг юмаа мэдэхээ байгаад, сандраад эхэлдэг. Байнга хэрэглэдэг багажаа хаана байгааг олохгүй хайгаад эхлэхээр л андашгүй. Тийм болохоор аврах ажиллагааг удирдаж байгаа хүн бүгдийг мэдэж, залуустаа аав нь, ах нь болж явах ёстой байдаг юм. Дуудлаганд явж ирээд дуудлагын ярилцлага гэж хийдэг. Тэгэхдээ л тэр бүрийг ярилцана шүү дээ. “За, ийм дуудлаганд анх удаагаа явсан уу. Энэ чамд туршлага боллоо”, “Чи ийм алдаа гаргаж байсан, яагаад тэгсэн бэ. Ямар нэг асуудал гарсан уу?” гэхчлэн ярилцана. Дараа нь заримтай нь хувийн ярилцлага хийнэ. Гэр бүлд нь юу болоод байна, хувийн амьдралд нь юу тохиолдоод байна, тэр бүрийг сонсож сэтгэл зүйг нь бэлтгэнэ. Аврагчид нэг санаатай байж нэг аврах ажиллагаанд орно. Түүнээс биш тал талын санаатай хүмүүс нэгдвэл өөрсдийгөө авруулахад хүрнэ. Тийм болохоор бүлгийн дарга, удирдах албан тушаалтнууд аврах ажиллагаанд бүрэн гаршсан байх ёстой. Мөн аврагчдынхаа сэтгэл зүй, хувийн байдлыг мэддэг байх учиртай.

ДӨРВӨН ГЕНЕРАЛ ЯАГААД ЁСЛОВ…

     Би 37 настайдаа Олон улсын иргэний хамгаалалтын хамгийн залуу баатар болж байлаа. Тэр шагналыг  нэг их үнэлдэггүй явж байгаад ОХУ-ын Онцгой байдлын яамны дэргэдэх Иргэний хамгаалалтын академид хоёр жил сурахдаа л мэдэж авсан. Яасан гэхээр, надаас шалгалт авч байсан генералууд миний тэмдгийг харснаа “Та Олон улсын иргэний хамгаалалтын баатар юм уу?” гэж байна. “Тийм ээ” гэсэн чинь тэр дор нь сайт руу нь оров. Тэгээд миний нэрээр хайж бүх мэдээллийг маань уншаад “Танд онц тавилаа. Та мундаг хүн байна” гээд дөрвөн генерал ёслоод гаргасан юм. Би тэгэхэд Цэргийн анги байгууллагын удирдлага гэдэг мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн. Харин “Улаанбаатар хотыг үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” сэдвээр диплом хамгаалж байлаа. Бид нарын үед таван мэргэжлээр аврагч бэлтгэдэг байв. Анх Цэргийн их сургуулийн ахлагч бэлтгэх нэг жилийн сургалтанд сууж дүүргээд дараа дараагийн шатны сургуулиудад нь сурсан. Ингээд бодохоор би гэдэг хүн хоёр академи, нэг дээд сургууль, нэг дунд сургууль төгссөн байдаг юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох