Улстөр нийгэм
Шугам сүлжээний засварын дараах нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэн ажиллах.
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
- Сайжруулсан түлшний чанар, стандарт, баруун болон зүүн үйлдвэрийн технологийн горим хэвийн эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах.
- Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах.
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлэх.
- Амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлэх.
- Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
- Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
- Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Улстөр нийгэм
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.
Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Улстөр нийгэм
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл