Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ

Огноо:

,

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг 2023 оны наймдугаар сарын 31-ний өдөр эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.

Тухайн барилга байгууламжууд нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн баригдсан тул үйл ажиллагааг нь зогсоож, газар чөлөөлөх шаардлагатай гэсэн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараад буй. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн ШТС

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Акуа Гарден” хотхоны хоёр блок

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүрийн хоёр блок барилга нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байна.

Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан. Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тиймээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, хүндрэлтэй асуудалд хуулийн байгууллагатай хамтран ажиллах юм. Гарч буй дүгнэлт, захирамж, шийдвэрүүд бүгд хуулийн заалтад үндэслэсэн хэмээв.

Дээрх аж ахуйн нэгжүүд захирамжийг хүлээн авсан бөгөөд захирамжтай холбоотойгоор шүүх байгууллагад хандах боломжтой. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Огноо:

,

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн жилээр сунгалаа.

Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.

Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.

Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.

Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна

Огноо:

,

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.

Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна.

Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд 7 давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд ААН-д газар олгосноос үүдэн тус голын урсац боогдож, голдиролд өөрчлөлт орсон. Голын голдирлыг өөрчлөн барьсан барилгыг нурааж дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлнэ. Мөн 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийнэ. Голын сав газар дагуу хууль зөрчиж барилга барьсан ААН, иргэд үерийн уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тавьж буй шаардлагыг цаг алдалгүй хүлээж авч, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй" гэдгийг хэлэв. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ.

Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.

Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан.

Энэ ажлын хүрээнд өчигдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.

“Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэдгийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох