Улстөр нийгэм
Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.12.11/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр /Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр /Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Бусад.
4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Улстөр нийгэм
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.
Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Энэ өдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.
Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Улстөр нийгэм
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нийт 100 гаруй ахмад настан бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс төлөөлөл болж өнөөдрийн арга хэмжээнд 60 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байв.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн Монгол Улсын парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулаад, нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин үг хэлэв.
Тэрбээр ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд, цаашид анхаарах болон хамтарч ажиллах ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Эдгээрээс 60 хувь нь 70-аас дээш насныхан, 10 гаруй хувь нь 80-аас дээш насныхан бөгөөд 60 хүртэлх насны хоёр ахмад настан бүртгэлтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/03/10
Нутаг буцах гадаадын иргэдийн анхааралд
-
Цаг үе2021/11/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үзэл бодол2020/08/24
Ө.Гантөр: Төрийн банк зээлийн хүүг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/05/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажи...
Сэтгэгдэл