Улстөр нийгэм
Парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ” 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 4 өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү төслийн хүрээн дэх төгсгөлийн туршлага солилцох арга хэмжээ гэдгээрээ онцлогтой байлаа.
Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд оролцов.
Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, хяналт шинжилгээний тайлан зэргийг танилцуулж, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, тус хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар санал зөвлөмж хэлэхийн зэрэгцээгээр Швейцарын Холбооны Улсын Парламентын хяналт шалгалт, парламентаас хийж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх харьцуулсан мэдээлэл зэргийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж, харилцан туршлага солилцсон. “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ” дөрөв дэх өдрөө “Мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр үргэлжилж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу “Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн сан”-гийн талаарх танилцуулга, мэдээллийг хийлээ. Дараа нь талууд сонирхсон асуултдаа хариулт авч, санал, зөвлөмж сонсов.
Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын олон салбарт оруулсан хувь нэмэр, хөрөнгө оруулалт их. Түүний нэг нь Монгол Улсад парламентын ардчиллыг хөгжүүлэх төсөл юм. 2017 оноос хэрэгжиж 2020 он хүртэл 3 жилийн хугацаанд парламентын хяналт ямар түвшинд байх талаарх мэдээллийг өндөр түвшинд өгсөн.Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурал Хяналт шалгалтын тухай хуультай болсон нь Парламентын хяналт шалгалтыг шинэ түвшинд хүргэсэн хэмээн онцолсон юм.
Түүнчлэн Швейцарын Парламентын Тамгын газрын төлөөлөгчид цаашдаа парламентын хяналт шалгалтыг дахин түвшин ахиулахад парламентын хяналт шалгалтын байнгын хороотой байх нь хуулийг хэрэгжүүлэх ажилд илүү ахиц, дэвшил авчирна гэсэн санал зөвлөмжийг өгч байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
