Шударга мэдээ
Төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2023 оны есдүгээр сарын 15-нд төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян, “Монголросцветмет” ТӨҮГ-ын Эдийн засаг, худалдааны бодлогын газрын дарга Н.Тэгшжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай цан цохих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж 2023 оны 1-р улирлаас эхлэн УУББ-ийн үндсэн арилжаа болох нүүрсний арилжааг амжилттай зохион байгуулж 5.7 сая тонн нүүрс арилжсан бөгөөд энэ өдөр 125 дахь удаагийн түүхий эдийн, төмрийн баяжмалын анхны арилжааг ийнхүү эхлүүлж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын бүтээгдэхүүнүүдийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалах үүрэг хүлээсэн. Ингэснээр биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх бодит нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн энэхүү үүргийн хүрээнд бид арилжааны системийн өргөтгөл шинэчлэл, “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг батлах ажлуудыг зохион байгуулж, төмрийн баяжмалын анхны арилжааг хийхэд ийнхүү бэлэн болоод байна.
Арилжааны танхимд төмрийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлэн гэрээ байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-иудын удирдлага, төлөөлүүд хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна. Ийнхүү бид цан цохих ёслолын ажиллагааг хамтдаа эхлүүлж байна” гэв.
“Эрдэнэс монгол” ХХК-ийн Зэс, металл группийн менежер Ц.Төгсбуян:

“Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр арилжаалах, тэр дундаа Монголын хөрөнгийн биржийн тусламжтайгаар өнөөдөр анх удаа төмрийн хүдрийг арилжаалах үйл явц эхэлж байна. Нэгдлийн хэмжээнд 3 төрлийн төмрийн хүдэр баяжмалыг экспортолдог. 2023 онд 1 сая гаруй тонн төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжих төлөвтэй байна. Өнөөдөр 65 хувийн агууламжтай, 7 багц, 21,000 тонн төмрийн баяжмалыг арилжаалах захиалга өгөөд байна. Энэ өдрийг хүртэл бүхий л талаар дэмжиж ажилласан МХБ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн хэлсэн.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав:

“Өнөөдөр бид Монгол Улсын хэмжээнд анх удаа төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалах түүхэн үйл явцын гэрч болж байна. Биржээр бүтээгдэхүүн арилжаалахын гол давуу тал нь бүтээгдэхүүнийг нэрлэсэн үнээс өсгөж зарна. Ингэснээрээ манай улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж буй онцгой үйл явдал юм. Өмнө нь бидний арилжаа суурь үнийн 50%-ийг урьдчилж авдаг байсан бол бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржээр арилжсанаар төлбөр тооцоо 100% орж ирж, бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх асар их давуу тал бий боллоо. Үүнтэй зэрэгцэн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээл нь нээлттэй, ил тод системийг бүрдүүлж чадсанаараа МХБ улс орны эдийн засагт маш том дэвшил авчирч байна” хэмээн онцолсон.
Төгсгөлд нь оролцогч талуудын төлөөллүүд цан цохиж, арилжааг нээв.
.jpg?1694768827486)
Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэсэн билээ.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
