Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 14-ний өдөр Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 13-18 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.