Цаг үе
Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбоно
“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорийн төслийг эхлүүлсэн.
Ялангуяа, “Боомтын сэргэлт”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан. Боомт бол Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй гол хүчин зүйлийн нэг байсан. Онцгойлон анхаарснаар бодит үр дүнгүүд гарлаа. БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцож, бүтээн байгуулалтууд ид үргэлжилж байна. Цаашид ч хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахад онцгойлон анхаарна. Ингэснээр экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ. БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу, Лянюунган боомтууд, Иран, Пакистан улсуудын далайн боомтыг ашиглахыг зорьж байна.
2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулж байгаа. Монгол Улсын хувьд авто замын 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн онд амжилттай дуусгасан. Одоо үүний үргэлжлэл болох дараагийн том төслийг эхлүүлнэ. Баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс нутагт аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх гэж байна. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбохоор төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Мөн “Засгийн газраас дэвшүүлсэн “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын бодит үр дүн олон салбарт гарсан. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 115 цэг рүү нислэг үйлдэх боломж бүрдээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахад чиглэсэн тойрог хурдны зам зэрэг олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ эхнээсээ бэлэн болсон учир гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд нээлттэй танилцуулах, ажил хэрэгч санал, гарц шийдэл, хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн банкны “Логистикийн гүйцэтгэлийн индекс”-ээр Монгол Улс өнгөрсөн онд 33 байраар урагшилж, 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Монгол Улс цахим хөгжлийн индексээр 18 байраар урагшилсан. Энэ бол ил тод, авлигагүй засаглалыг бүрдүүлэхийн төлөөх томоохон реформ хийсний үр дүн. Ирэх жилүүдэд авлигын төсөөллийн индекс буурч, гадаад өрийн дарамт эрс буурна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй олон улсын форум баасан гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгчид, 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.

Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


