Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.

Айлчлалтай холбогдуулан энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр, “Сэтгүүлчдэд, телевиз үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад энэ арын 12-нд, 13, 14-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Мөн ШХАБ-ын ажил дууссаны дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт уулзалт хийж, эх орондоо ирлээ.

Айлчлалын хүрээнд:

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, 9 салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Парламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.

2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.

Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын  хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь www.president.mn сайтаас уншиж болно.

ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа. ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.

Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалт болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ.



“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилга гээд гурван улсын санаачилгыг нэгтгэн ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтай хийвэл тээврийн дахин хуваарилалт хийнэ гэсэн. Бидний байр суурь ямар байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Царигийн асуудал шийдэгдсэн. Зүүнбаян хүрэх бүх чиглэлийн төмөр замын цариг өргөн. Тэгэхээр Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам ч ялгаагүй өргөн царигаар баригдана. Энэ бол УИХ-аар шийдсэн, зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байсан асуудал юм.

Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг байгууллагууд хэрхэн хамтран ажиллах асуудал ярианы нэг сэдэв байсан.

“Өнөөдөр” сонины тоймч Х.Уянга: Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх “шахалт” жилээс жилд эрчимжиж байна хэмээн харж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлын дурдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Сэтгүүлчдэд нээлттэй хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тийм утгатай үг хэлсэн. БНХАУ-ын байр суурь ойлгомжтой. ШХАБ-д элсэх нь ашигтай гэдэг байр сууриа тус улс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч хэлдэг байсан.

ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой. Тэр ажлыг өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн. Яг ямар хэлэлцээр энэ байгууллагын цаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах ёстой.

МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Чимэдлхам: Бүгд Найрамдах Киргиз улстай худалдаа, хамтын ажиллагаа болон оршин суугаа иргэдийн тоо тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, тус улсад Элчин сайдын яам байгуулах нь цаг хугацааны хувьд оновчтой байсан уу гэсэн асуудал нийгэмд янз бүрээр яригдаж байна. Бидний алс хэтийн зорилго юу вэ, аль салбарт түлхүү хамтрах боломжтой юм бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Одоогийн худалдааны эргэлт маш бага буюу ганцхан сая ам.доллар байгаа. 6 сая хүнтэй, хуучны торгоны замын нэг уулзвар дээр байдаг, томоохон хөршүүдтэй улс.

Монгол-Киргиз хоёрын хооронд ашиглагдаагүй боломж маш их байна гэсэн санаагаар УИХ Элчин сайдын яамаа нээсэн байх.

Энэ улс Төв Азийн орнууд руу явах замд байгаа юм. БНХАУ-Киргиз гэж, эсвэл БНХАУ-Казакстан гэж дамжин Төв Азийн орнууд руу явах гэсэн сонголт бий. Тэгэхээр манай улсын баруун талын таван аймгийн эдийн засгийн хэлхээ холбоог Төв Азийн орнуудтай илүү идэвхжүүлэх шинэ бодлогыг Ерөнхийлөгч гаргаад хэрэгжээд явж байгаа.

Манай улсын зүүн аймгууд Зүүн хойд Ази, Манжуур, Алс дорнод, ОХУ, хоёр Солонгос, Япон зэрэг улсууд руу чиглэсэн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь газар зүйн хувьд ойрхон. Түүнээс баруун хязгаараас зүүн хязгаар руу мах эсвэл өөр бараа экспортлох оновчгүй. Тиймээс баруун, зүүн хязгаараар нь төрөлжүүлье гэсэн бодлого явж байгаа юм. Төв Ази руу явах замд байдаг Казахстан болон Киргизтэй илүү идэвхтэй ажиллах юм бол, жишээ нь халал махыг авах хамгийн том зах зээл нь Төв Азийн улс орнууд, цаашлаад Арабын улс орнууд.

Өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа ч ирээдүйд олон дахин өсөх нөөц боломж бий.

“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Дараагийн уулзалт хүртэл бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эдийн засгийн коридор гэж 32 төсөл, арга хэмжээ тохирсон. Тэр дотроос бодитой бариад эхэлье гэхээр банкны шаардлага хангах төсөл алга байна гэж байгаа юм. ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа. Хамгийн түрүүнд “амьдарч” болох эдийн засгийн нэгдүгээр коридор нь төмөр зам. Улаанбаатар төмөр замд 100 орчим тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулбал, нэвтрүүлэх хүчин чадал нь 3 дахин өснө. Үүний хажуугаар ОХУ-БНХАУ-ыг холбох бетон замын төслийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хоёроос өөр бодитой төсөл байхгүй байна.

“Монгол HD” телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: Эрчим хүчний супер сүлжээ, тэр дундаа дундын механизм бий болгох санаачилга гараад жил болж байна. Энэ удаад ч дээрх асуудлыг хөндөн ярьсан. Ахиц хэр гарч байна гэж үзэж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эрчим хүчний супер сүлжээ гэдэг нэр томьёог өөрчилсөн. Улаанбаатарын яриа хэлэлцээрт манай улсын урилгаар хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улс орнууд ирсэн. Ингээд “Зүүн хойд Азийн эрчим хүчний худалдаа болон нэгдсэн сүлжээ” гэдэг нэр томьёон дээр тогтсон.

Энэ талаар гаргасан тунхаглалдаа ирэх 9-р сард ОХУ-ын Владивосток хотод гарын үсэг зурахаар ажиллаж байна” баярлалаа гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.07.16/ 15 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

Тус хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны Мягмар гарагт хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Үүнд:

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Огноо:

,

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Хасу эрчим” ХХК-ийн захирал Бадрахын Бат-Эрдэнэ,

“ЧБНБ” ХХК-ийн захирал Гүржавын Чинбат,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын албаны Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Ядамжавын Пүрвээ, 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн тэнхимийн багш Диймаажавын Эрдэнэбаатар,

МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Гончигдоржийн Хүүхэнхүү,

Гавьяат багш цолоор:

МУИС-ийн дэргэдэх Австралийн тэтгэлэгт сургалтын Монголын талын захирал Лувсанвандангийн Маналжав,

ШУТИС-ийн багш Баянжаргалын Цэрэндорж,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ядамсүрэнгийн Бямбаа,

Нийслэлийн Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Батаагийн Балжинням,

Нийслэлийн Баянгол дүүргийн УССТ-ийн захирал Лувсанжамцын Баттулга,

ШУТИС-ийн багш Чойжилийн Даваасамбуу,

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад багш Сосорын Пүрэв,

“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Чойжилсүрэнгийн Жачин,

Гавьяат барилгачин цолоор:

“Бэлийн цахир” ХХК-ийн захирал Тугалын Мягмар,

Архангай аймгийн “Гурван тамир” ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүй,

“Нео трейд” ХХК-ийн зөвлөх инженер Жамцын Галиндэв,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Монголын уулчдын үндэсний холбооны дасгалжуулагч Жамсрангийн Баянцагаан,

Гавьяат хуульч цолоор:

Монгол хурандаа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Цоодолын Алтанцэцэг,

Гавьяат жүжигчин цолоор:

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ганхуягийн Энхбаатар,

Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатар,

Дуурийн дуучин Энхболдын Анхбаяр,

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын дуучин Гомбодоржийн Бямбажаргал,

Гавьяат мал зүйч цолоор:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмад настан, малзүйч Түвдэнгийн Ваанчиг,

Гавьяат малын эмч цолоор:

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн ахмад ажилтан Жигжидийн Дамдинсүрэн,

Гавьяат механикжуулагч цолоор:

“Ургацын ундраа” ХХК-ийн захирал Лүүлүүгийн Ганболд,

“Орги тариа” ХХК-ийн захирал Цоодолын Тогоодой,

Гавьяат тамирчин цолоор:

Монголын хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор,

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учрал,

Гавьяат тээвэрчин цолоор:

“УБТЗ” нийгэмлэгийн засварын машинт станцын ахмад ажилтан Доржийн Пүрэвжав,

Дорноговь аймгийн Сайншанд сумын ахмад настан Нансалын Баасанжав,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, ахмад тээвэрчин Жанцангийн Агваанцэрэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Батхүүгийн Жигжидсүрэн,

УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Гомбын Гал-Эрдэнэ,

Гавьяат уурхайчин цолоор:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал,

“Баялаг-Орд” ХХК-ийн захирал Дашийн Чулуунбаатар,

“Их наяд” ХХК-ийн ахлах аудитор Чүлтэмийн Өлзийсайхан,

Ховд аймгийн “Ой ан интернэшнл” ХХК-ийн захирал Дагвын Жүгдэрбарам,

“Блью планет” ХХК-ийн зөвлөх Цэвгээгийн Тогтохбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

Хэнтий аймгийн сум дундын эмнэлгийн их эмч Ядамдоржийн Дарьбазар,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн,

Гавьяат эдийн засагч цолоор:

Дархан-Уул аймгийн “Зөв сонголт зөв удирдлага” ТББ-ын тэргүүн Нэмэхийн Бэрцэцэг,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Буланы Бейсен,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Үндэсний архивын газрын ахмад ажилтан Цагааны Дүүдий,

Монголын орчуулагчдын  эвлэлийн гишүүн, орчуулагч, сэтгүүлч Цэвэгжавын Цэрэн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Хөх-Өвгөний Мөнхбат,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ахмад настан Болдын Сүхбаатар,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

Монголын эм зүйчдийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал Жамсрангийн Рэнцэн-Амгалан нарыг тус, тус шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн төлөөлөн болгон:

Сүхбаатарын одонгоор Нийслэлийн Багануур дүүргийн өндөр настан Гочоогийн Аюурзана,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ахмад настан Гүнрэгжавын Отгонбаяр,

Алтангадас одонгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Тилеубердын Сайфолла,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Сүрэнжавын Алтантулга нарыг шагнаж, Төрийн дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө.

ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРХМҮҮДЭД ХАНДАЖ:

Манлайлагчид, гавшгайчид аа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө уламжлал ёсоор эрхэлсэн ажил, бүтээлээрээ тодорч, манлайлж гавшгайлсан хүмүүст Төрийн цол, одон медаль гардууллаа.

Өнөөдөр шагнагдаж буй манлайлагчдын дунд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байгаа хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав гуай байна. Бүтээл туурвилыг нь монголын төр удаа дараа үнэлж, Төрийн шагнал, Чингис хааны одон олгож байсан Б.Шарав гуайн хөгжмийн туурвилууд Монголын хилээс хальж, дэлхий дахинаа дуурьсах болсныг олон бүгд мэдэх билээ. Монголын уртын дууны өв уламжлалд тулгуурлан бүтээсэн Замбутивийн наран магтуу зохиолыг нь 1985 онд “ЮНЕСКО” хөгжмийн сан хөмрөгтөө бүртгэж, II симфони нь дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ үзэгдэл хэмээн мэргэжилтнүүдээс үнэлгээ авч байсан авьяаслаг хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг олгож байгаадаа баяртай байна.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Н.Жанцанноров гуайн Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн, үндэсний хэв маягийг орчин цагийн аястай уялдуулан бүтээсэн нь монголчуудад тодорхой агаад Монголын уламжлалт биет бус өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх, дэлхий дахинд Монголын соёл урлагийг түгээн таниулах, тархан суурьшсан монголчуудын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргаж манлайлсныг цохон тэмдэглэж байна. Танд баяр хүргэе.

Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах 8 мянга 252 км шугамыг тогтоон тэмдэглэж, газрын зургаар баталгаажуулан, НҮБ-аар Монгол Улсын газар нутгийн хэмжээг тодотгон баталгаажуулсан, 1970 онд Геодези зураг зүй, газар зохион байгуулалтын болон кадастрын албыг үүсгэн байгуулж, олон жил удирдан чиглүүлсэн, олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд зүтгэсэн нөр хөдөлмөрийг нь үнэлж Баатарын Рагчаад мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Танд баяр хүргэе.

Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан төмөр замын тээвэрт олон жил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай ханган, онцгой онцгой идэвих зүтгэл гаргаж, нөр их үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн Монгол Улсын хүндэт төмөр замчин, Гавьяат тамирчин Нямын Ширнэндугарт мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Танд баяр хүргэе.

Монголын олон мянган иргэдийн цохилох зүрхийг аварсан ачтан, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн Танд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолыг мөн олголоо. Эмч Ц.Даваацэрэн эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа нийт 39 мянга 658 иргэнд мэс заслын үйлчилгээг гардан үзүүлснээс 3 мянга 511 зүрхний мэс заслыг амжилттай хийжээ. Танд баяр хүргэе.

Урлаг соёлын салбарт 42 жил үр бүтээлтэй ажиллаж, ”Ацаг шүдний зөрөө” уран сайхны киноны Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгож байгаадаа баяртай байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн анхны гоолын эзэн, олон улсын хэмжээний мастер, Монголын хөл бөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Болдын Буман-Учралд Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. Хөл бөмбөгийн спортоос төрж байгаа анхны гавьяат тамирчин болж байгаад тань халуун баяр хүргэе.

Үндэсний архивын газарт 41 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеэ сургахад хичээл зүтгэл гаргаж яваа Цагааны Дүүдий гуай, хэвлэл мэдээллийн салбарт 1968 оноос хойш сурвалжлагч, судлаач, орчуулагчаар үр бүтээлтэй ажилласан Цэвэгжавын Цэрэн нарт мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байна. Та бүхэнд баяр хүргэе.

Шагнагдагсад аа, манлайлагчид аа

Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, төрийн өндөр цол, одон медалиар шагнагдсанд дахин баяр хүргэе!

Олон ардад хөдөлмөр бүтээл, манлайллын үлгэр жишээ болон  хичээн зүтгэсэн та бүхэнд баярлалаа.

Сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол Улс мөнхөд оршиг” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох