Үзэл бодол
Г.Ариунбуян: Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” илтгэлийг Эрсдэлийн үндэсний форумын үеэр танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр тохиолдох гамшгийн тоо дамтавж нэмэгдэж, түүнийг даган учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Дэлхийн эрсдэлийн үнэлгээний тайланд тодорхойлсноор дэлхийн хэмжээнд өнөөгийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг хэрэгжих 2030 он хүртэлх хугацаанд гамшгийн тоо 40%-иар өсөх хандлагатай байна.
Монгол Улсын сүүлийн 20 жилийн гамшиг, аюулт үзэгдэл ослын статистик мэдээг харьцуулан харахад 2004-2013 оны 10 жилд 3102 гамшиг аюулт үзэгдэл, осол тохиолдож байсан бол энэ тоо 2014-2023 он буюу дараагийн 10 жилд 30.2 хувиар нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоог мөн онуудтай харьцуулахад 9.9 хувиар, бэртэж гэмтсэн хүний тоо 10.9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 54 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг 2022 онд 100 хувь хийж гүйцэтгэсэн ба үнэлгээний нийт дүнгээр олон гамшгийн төрлөөр эрсдэлийн түвшин 5 аймагт маш өндөр, 7 аймагт өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон. Ган зудын эрсдэлийн хувьд баруун аймгууд маш өндөр, үерийн эрсдэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл аймгуудад өндөр байгаа бол ой, хээрийн түймрийн эрсдэл зүүн бүсийн аймгуудад өндөр дүн гарч байгаа нь гамшгийн аюулын урьдчилсан дохио сэрэмжлүүлэг юм. Мөн 2001-2022 онд цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 565 хүн амь насаа алдаж, 29.763 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт 802.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Тэр дундаа сүүлийн жилүүдэд тохиолдох зудын давтамж нэмэгдэж сүүлийн 5 жилийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд зудын эрсдэл маш өндөр байна. НҮБ-ын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгын хүрээнд манай улс 2018 болон 2022 онд хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын ерөнхий үнэлгээг хийсэн. Энэхүү чадавхын үнэлгээний дүнг бүсийн хэмжээнд харьцуулан үзэхэд Баруун бүс 10 хувиар, Өмнөд бүс 3 хувиар, Хойд бүс 6 хувиар тус тус нэмэгдсэн бол Зүүн бүс 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхыг бүрдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас бий болох эдийн засгийн болзошгүй хохирлыг бууруулах, “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох, хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах шаардлагатай байна” гэлээ.
Эх сурвалж: ОБЕГ
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2026/04/07
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Цаг үе2020/07/21
"Дакар-2022" Залуучуудын Олимпын наадам хойшиллоо
-
Улстөр нийгэм2025/03/18
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлч...
-
Улстөр нийгэм2024/08/19
“Монгол-Японы Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд болно
