Цаг үе
Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа
Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ даваа гарагт боллоо.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг түүчээлэх салбар салбартаа тэргүүлж байгаа залуучууд хуран цугласан байгаад таатай байна. Нийслэлийн зүгээс 2020 онд залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг төлөвлөж байна. Энэ хот бол залуусын хот. Хүн амынхан 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Их хотын хөгжлийг залуучуудын оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид өөрсдийнхөө зорилго, зорилтыг тодорхойлж, хамтдаа зүтгэвэл шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй. Чаддаг чаддаг зүйлээрээ дор бүрнээ хөдөлмөрлөцгөөе. Та бүхэн ирж буй 2020 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны Улаанбаатар хотын иргэдийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй
Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн
Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр
Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв
Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн
Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх
Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ
Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж
Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал
Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.

Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Шударга мэдээ2023/01/20
Хятадын хаврын баяраар буюу энэ сарын 22-24-нд Монгол, Хятадын хилийн авто замын...
-
Цаг үе2021/10/07
"Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлье" аян үргэлжилж б...
-
Улстөр нийгэм2025/05/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий...
-
Улстөр нийгэм2023/01/30
Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт...
