Цаг үе
“Монголын Хөрөнгийн бирж” ХК “Grand bull awards 2023”-ын “oнцлох IPO”-номинацид шалгарлаа
Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 оны 12 сарын 26-нд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд амжилттай санал болгон, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн.
Түүнчлэн энэ онд "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжин банкны реформ амжилттай хэрэгжиж, системийн таван банк хувьцаат компани боллоо. Мөн бирж нь үнэт цаас арилжихаас гадна Монгол Улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эдийн арилжааг амжилттай нэвтрүүлээд байна.
Улмаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 06 дугаар сард түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгийг давсан юм. Энэ нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 их наяд төгрөг буюу 69 хувь, 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.2 их наяд төгрөг буюу 46 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт байлаа.
Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023”-т энэ жил нийт 15 номинацид 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчид материалаа илгээсэн аж. Үүнээс эцсийн шатанд 60 нэр дэвшигч өрсөлдөж 15 номинацийн эзэд тодорсон. “Онцлох IPO номинац”-д “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хаан банк” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг байгууллагууд өрсөлдсөнөөс ийнхүү “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарсан юм.
Тус номинацид шалгарах үндэс суурийг 2022 онд хамт тавилцаж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг олон нийтийн статустай хувьцаат компани болох үйл ажиллагаанд Үндсэн андеррайтар ажилласан “Инвескор Капитал ҮЦК” ХХК, Туслах андеррайтер ажилласан “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК болон, аудитын “Грант Торнтон Аудит” ХХК, Хуулийн зөвлөх “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК компанийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.
Мөн бидний хамтын хичээл зүтгэл, хариуцлагад итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
