Цаг үе
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:
- Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
- Мухар гудамж- 98
- Өндөрлөг газар буусан- 154
- Хаяг тодорхой бус- 52
- Өндөр хүчдэлийн доор буусан- 101
- Цахилгаан дамжуулах утасны - 318
- Розетка болон олон залгуурын - 273
- Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
- Пийшин зуух гэмтэлтэй-148
- Яндангийн залгааг буруу хийсэн-184
- Цонолт өгөх магадлалтай-228
- Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
- Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
- Яндангаа хөөлөөгүй-165
- Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
- Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
- Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна.
Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.


Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
