Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Огноо:

,

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, засаглалыг дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагаас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2017 оноос хойш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлээд байна.

Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээ, бэлчээрийн менежментийг сайжруулахад орон нутгийн удирдлагуудыг бодлогоор дэмжих, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлсэн юм. Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлаг болон Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл зэрэг багтаж байгаа юм.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогчид, судлаачид зэрэг 100 гаруй зочин, төлөөлөгч оролцов.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн захирал, доктор Д.Энхбат хаалтын үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилал, парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Монгол, Швейцарын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлж, хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлагатай болжээ. Төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлсэн өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх” үндсэн зорилгоо бүрэн биелүүлж ажиллалаа. “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл Улсын Их Хурал, түүний Тамгын газрын шинэчлэлийн зорилтууд, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хууль тогтоох институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцлон тэмдэглэв.

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн парламентын боловсролын дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн.  “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн үйл ажиллагаа, “D-Parliament” цахим систем бол үүний тод илэрхийлэл мөн юм.

Хаалтын үйл ажиллагаанд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш, 148 дугаар сургуулийн түүх, нийгмийн багш Г.Баярмаа, “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн оролцогч Г.Гантигмаа нар сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, “Парламентын ардчиллыг бэхжүүлэх, илүү чанартай төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг болоход нь нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хамтын үйл хэрэгт гарсан ололт, амжилт Монголд урт хугацаанд тогтвортой үргэлжлээсэй гэж бид хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нутгийн удирдлагын байгууллагууд дахь түншүүд, эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн хамт олонд үр бүтээлтэй, үр дүнтэй хамтарч ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.” хэмээгээд  хамтын хүчин чармайлтын хүрээнд бий болгосон энэ бүх ололт амжилтаа цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2021 оны 8 дугаар сараас эхэлсэн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл зорилго нь Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг бататгаж, хянан шалгах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн захирал, доктор Д.Энхбат танилцууллаа.

Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэлэг зохицуулалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж ажилласан. Эдгээр хуулийн зэрэгцээ УИХ-ын болон УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөө бол парламентын шинэтгэлийн гол хөдөлгөгч хүч байсан. Цаашид ч парламентын хөгжлийн зураглалыг тодорхойлох гол хууль, бодлогын баримт бичгүүд гэж хэлж болно. УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг зохицуулж буй холбогдох дүрэм, журмуудыг боловсронгуй болгоход чухал дэмжлэг үзүүлсэн. Жишээлбэл, хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлж, хуулийн төсөл бүрд хүний эрхийн суурь зарчмын үүднээс үнэлгээ хийдэг болох зорилго тавьж байгаа.

Түүнчлэн “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын механизм бүрдүүлэх ажлыг амжилттай эхлүүлж, хоёр удаагийн сургалтад 28 байгууллагын 100 гаруй мэргэжилтнийг хамруулж, гэрчилгээ олголоо. Энэ бол Монголын парламентат ёсны түүхэнд анх удаа зохион байгуулагдсан сургалт юм. Цаашид тус сургалт хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт багтаж, тогтмол зохион байгуулагдах боломжийг бүрдүүлсэн. Бидний алсын хараа бол энэхүү сургалтыг олон улсын сургалт болгож, бусад улс орнуудтай хамтран зохион байгуулахыг зорьж байна гэлээ.

Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих чиглэлд гарсан хамгийн чухал үр дүнд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр явуулсан хүний эрх, жендэрийн үнэлгээ зүй ёсоор орно. Үнэлгээний үр дүнд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж, Улсын Их Хурал, Тамгын газрын үйл ажиллагаанд тусгах шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмж тун удахгүй гарна. Энэ зөвлөмжийг бид Улсын Их Хурлын 2025-2028 хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монголын парламент хүний эрхийг хангах, хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлогын манлайлал үзүүлж, сонирхогч талуудтай нээлттэй, идэвхтэй хамтран ажиллах бодлого барьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат танилцуулгадаа дурдсан юм.

Тэрбээр “Энэхүү төслийн хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлсэн явдал байлаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос эхлэлтэй. Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын мэргэжил нэгтнүүдийн солилцооны хөтөлбөр тогтмол явагддаг болсон бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлж, 2024-2027 онд үргэлжлүүлэн ажиллахаар ажил хэрэгч саналууд солилцсон. Үүгээрээ “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл монголын ардчиллыг бэхжүүлэх, парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ бол бүхэлдээ Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хоёр улсын парламентын Тамгын газар үр дүнтэй, эрч хүчтэй, тогтвортой хамтран ажиллаж байгаа сайн жишээ” хэмээн дүгнэж хэлэв.

Мөн “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, тогтвортой байдлыг хангах талаар Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, доктор А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Орших, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн үр дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурриг жендэрийн тэгш байдлыг хангаж, хүний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийг эрх чөлөөг дэмжиж, залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр  стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ. 

Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай  Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд, 

-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай. 

-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно. 

-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. 

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө. 

Үүнд: 

-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад; 

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;

-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Огноо:

,

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.

Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр, 

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 

-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 

-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан 

-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.

Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.

Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох