Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг олгох; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төслийн дагуу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд ногдох хувьцааг эзэмшүүлж байхаар төлөвлөжээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжийг хангахад чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байгаагүй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд үр өгөөж нь нэмэгдсэн, Монгол Улсын экспорт нэмэгдсэн зэрэгт үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг боловсруулсан болохыг Д.Амарбаясгалан сайд хэлж байв. Түүнчлэн төр хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гарган, ашиг, хувьцааны ногдолоор аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зарцуулдаг байсныг өөрчлөх зорилтыг Засгийн газар дэвшүүлжээ. Дээрх хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой асуултад тэрбээр хариулахдаа “Төрөөс стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараах анхны концепц гарахдаа арилжихгүй байх зорилгыг агуулсан. Хөрөнгө чинээтэй хэсэг, бүлэгт энэ хувьцаа төвлөрөхгүй байх, иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртдэг байх нь нь зөв хэмээн үзэж, шийдвэрлэсэн байдаг. Энэ удаагийн тогтоолын төсөл, улмаар Засгийн газраас холбогдуулан батлах тогтоолуудад хувьцаа эзэмшигч нь төрийн мэдлийн 66 хувьтайгаа дотоод бонд хэлбэрээр харилцаа үүсгэх боломжийг нээлттэй болгох зорилго агуулж байгаа” гэлээ.

Гишүүдийн тодруулсны дагуу тус компанид Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв. 2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд баялгийн менежментийг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах, улмаар иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой саналууд хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог бодитой болгож "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болгох, иргэний өмч буюу эзэмшлийн хувьцаагаа өвлүүлдэг байх зохицуулалтын талаар судлахтай холбоотой байр сууриа илэрхийлэв. 

Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Токио хотын Захирагч Юрико Койкэтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй “Sushi Tech Tokyo 2024” хотын дарга нарын форумд оролцож байна.

Энэ үеэр Токио хотын Захирагч Юрико Койкэтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар Япон улсын технологи, сайн туршлагыг нутагшуулах хүрээнд хамтран ажиллах санамж байгууллаа.

Ташрамд, Токио хотын Захирагч Юрико Койкэ Каирийн их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийг төгссөн. Тэрбээр Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим, Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 1992, 1993 онд тус тус ажиллаж байсан юм. Мөн 2006 онд Япон улсын Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, 2007 онд Батлан хамгаалахын сайд, 2010 онд Либерал Ардчилсан намын Ерөнхий хэргийн зөвлөлийн дарга, 2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус томилогдон ажилласан байсан бөгөөд 2016 оноос эхлэн Токио хотын захирагчаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

 Тэрбээр, уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

 Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна

Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна. 

Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.

Иймд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид урт хугацаанд тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.05.16-17/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·     Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·     Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн 2024.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол2024/05/16

Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлагын ...

Цаг үе9 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Цаг үе10 цаг 6 минут

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг үе10 цаг 10 минут

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь

Урлаг спорт10 цаг 15 минут

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх...

Шударга мэдээ10 цаг 17 минут

Улаанбаатар хотод олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-...

Улстөр нийгэм10 цаг 20 минут

Токио хотын Захирагч Юрико Койкэтэй хамтран ажиллах санамж бичиг үзэ...

Улстөр нийгэм10 цаг 24 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн...

Цаг үе10 цаг 30 минут

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа

Цаг үе10 цаг 32 минут

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна

Санал болгох