Цаг үе
Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар ТББ-уудтай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ, Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх” ТББ-ын төлөөллүүд оролцсон юм.
Уулзалтын эхэнд ЭМЯ, Нийслэлийн Боловсролын газраас хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлын талаарх судалгааг танилцууллаа. Тодруулбал, ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайлангаар 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх дүн гарчээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг тайланд дурджээ.
Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.

2020 оны байдлаар Монгол Улсад 15-17 насны нийт 738,185 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 2.8 хувь буюу 20,456 хүүхэд сэтгэцийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ. 2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 182 сургуульд 193 сэтгэл зүйч ажиллаж байгаа юм.
Цаашид сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, ангийн багш, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг сайжруулах, сэтгэл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

