Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн асуудлыг шалгаж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.  

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог юм” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгжүүд Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна” гэлээ.  

Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох юм.

Сэлбэ голд үүссэн халиа тошингийн түвшин 14 хоног тутамд нэмэгдэж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

Зөвшөөрөлгүйгээр хур хог үүсгэж буй байршилд камержуулалтыг сайжруулна

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж. Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг дүүргүүд хариуцдаг болсон. Харьяа дүүрэг, хорооны олон нийтийн байцаагч нарын хараа хяналтыг сайжруулах, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмгдүүлэх шаардлагатай байна. Эзэн бие нь тодорхойгүй этгээдүүд нууцаар хур хог хаяж, үүнийг нь нийслэл, дүүргээс төсөв гарган цэвэрлэдэг. Гэвч хэдэн сарын дараа дахиад л хур хог үүсдэг. Тиймээс хариуцлагын тогтолцоог чангаруулж, байгаль орчинд ээлгүй, зөвшөөрөлгүй хог хаяж буй этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр төлүүлнэ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд уг асуудалд томоохон шийдэл гарган ажиллах хэрэгтэй” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 13-наас 2024 оны тавдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 15-наас дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хуралдаанд оролцов

Огноо:

,

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хурлын дэд даргаар Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа сонгогдон ажиллав.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа цахим худалдааны бодлого, санаачилгыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх сайн туршлага, арга хэрэгслийг тодорхойлоход чиглэсэн “Үнэлгээнээс цахим худалдааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт хуралдааныг даргалж, мөн үеэр Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд баримталж буй бодлого, цахим худалдааны орчныг бий болгох, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарч буй ахиц дэвшлийн талаар танилцуулав.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг боловсруулж, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ивээл дор 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо танилцуулсан.

Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим худалдаа, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ улс орнуудын цахим хуваагдлыг багасгаж, илүү хүртээмжтэй, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэхийг зорьж байна гэж Женев дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Огноо:

,

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж, 16 иргэнийг шалгарууллаа. 

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар нар гардуулав.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  1. “Транс гайд сервис” ХХК
  2. “БНЦМҮ” ХХК
  3. “Цоглогхангай” ХХК
  4. “Бластхолдинг” ХХК
  5. “Фибо глобал” ХХК
  6. “Уанстеп” ХХК
  7. “Монпеллетс” ХХК
  8. “КАДСҮРВЭЙ” ХХК
  9. “Юбикаб” ХХК
  10. “Өгөөж чихэр боов” ХХК
  11. “МД топ” ХХК
  12. “Нэг-Үүд” ХХК
  13. “ИЛЧХАНГАЙ” ХХК
  14. “Хосгангийн оргил” ХХК
  15. “Арирангфүүдс” ХХК
  16. “Хулжийн голын зам” ХХК
  17. “Амтат чавга” ХХК
  18. “Монголианс ресторан” ХХК
  19. “Инвескор” ББСБ ХК
  20. “Арткон” ХХК
  21. “Мариотт” ХХК
  22. “Энерготех сервис” ХХК
  23. “Тридум-Эсекьюрити” ХХК
  24. “Телко инженеринг сервис” ХХК
  25. “Дижитал сэйлс чаннел” ХХК тус тус шалгарсан байна.

Харин 2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр:

  1. Багануур дүүргийн иргэн Э.Сэргэлэнбаатар
  2. Баянгол дүүргийн иргэн Н.Хулан
  3. Баянгол дүүргийн иргэн П.Байгалмаа
  4. Баянзүрх дүүргийн иргэн Ч.Өнөрбаяр
  5. Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонсүрэн
  6. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чимгээ
  7. Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа
  8. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямбаяр
  9. Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттулга
  10. Хан-Уул дүүргийн иргэн О.Өрнөхбаяр
  11. Хан-Уул дүүргийн иргэн Т.Баттулга
  12. Хан-Уул дүүргийн иргэн Т.Түмэнбаатар
  13. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга
  14. Чингэлтэй дүүргийн иргэн О.Чингүүн
  15. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг
  16. Нийслэлийн Татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал нар шалгарсан байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд татварын орлого маш чухал хувь нэмэр болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлд 179 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1.1 сая орчим иргэн хувиараа татвар төлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй нийт татвар төлөгчдөдөө баярлалаа. 

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч “Юбикаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр:

Манай байгууллага 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсад татвар төлдөггүй, хувиараа такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан 45 мянга гаруй иргэнийг технологийн тусламжтайгаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд татвар төлдөг болгосон үйл хэргийг минь үнэлж, эл шагналыг өгсөн гэж ойлгож байна.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:

Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан цагаасаа эхлэн гурван жилийн хугацаанд татвараа тайлагнаж байна. Ийнхүү өнөөдөр шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Бид 18 нас хүртлээ улс эх орноосоо боловсрол, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийхээ хариу болгон насанд хүрсэн иргэн хүнийхээ хувиар татвараа төлөх нь бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.

Ташрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд орон даяар татварын алба бүр татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон болон татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өдөр бүр татварын сургалт орохын зэрэгцээ татварын сэдэвт уралдаан, тэмцээн зохион байгуулж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох