Шударга мэдээ
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2024 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа. Монголбанкнаас 2022 оноос хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нь инфляцыг бууруулж, тогтворжуулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц ийнхүү буурлаа. Цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэдий ч түүний нөлөө хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө буурууллаа.
Гадаад эрэлт, экспортын биет хэмжээ өндөр байгаа нь валютын орох урсгал, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж байна. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан малын зүй бус хорогдол өвлийн саруудад огцом нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү бодлогын шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Цаашид эдийн засгийн гадаад, дотоод орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.
Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Шударга мэдээ
Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа
Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч сард нийт 219 иргэн хандсанаас 115 утсанд 187, фэйсбүүк чатботод 22, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 178 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн санал хүсэлт гаргаж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 2.780.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээ 116, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 8 , барилга 12, боловсрол 6, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 6, НӨАТ 3, өрсөлдөөн 2, СӨХ 11, тасалбартай холбоотой 1, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, бусад асуудлаар 23 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ
2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус өнөөдрөөс буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэх юм.
Сануулахад, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.-
Улстөр нийгэм2023/12/07
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн ...
-
Үзэл бодол2020/01/20
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн дүн гарчээ
-
Цаг үе2023/04/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд
-
Улстөр нийгэм2024/05/15
Англи хэлний Pearson хөтөлбөрийг өргөжүүлэхэд ИБУИНХУ-ын дэмжлэгийг зарцуулна