Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлагын асуудал яригдах ёстой

Огноо:

,

Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулснаар асуудал шийдэгдсэнгүй

-Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь батлаад удаагүй байна. Та бол олон жилийн өмнөөс хүүхэд хамгааллын асуудлаар нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж ирсэн хүн. Бас хүчирхийлэлд өртсөн олон хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулахад нэлээд идэвхтэй оролцсон гэж сонссон?

-Миний хувьд Хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Хүүхдийн эрхийн чиглэлээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн мэргэжлийн хүний хувьд намайг урьж оролцуулсан гэж харж байгаа. Хуулийн төсөлд юуг илүү онцлон тусгах шаардлагатай вэ гэдэг дээр нэлээд санал санаачилга гаргаж оролцсон. Жишээлбэл, гэмт хэргийн хохирогч холбогдогч хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульд зайлшгүй тусгаж өгөх шаардлагатай гэдгийг өргөн хүрээнд хөндсөн. Мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүүхдийн эрх хамгааллын асуудал гэх мэт. Мөрдөн шалгах ажиллагааны үед хүүхэд мэдүүлэг өгөхөөс эхлээд томчуудын нөлөөлөл их гарч ирдэг. Тэр тохиолдолд хүүхдийн эрх хамгаалын асуудалд төр яаж оролцох ёстой вэ гэдэг тусгай зохицуулалтууд хэрэгтэй болдог. Амьдрал дээр яадаг вэ гэхээр, би төрүүлсэн хүүхдээ мэднэ, чи ингэж хэл гээд буруу ташаа үгийг зааж зааварлаж, хүүхдээ зовоогоод яваа ээж, аав ч байдаг. Тэр бүү хэл мэдүүлгээс нь хүртэл буцаалгаж, ар гэрийхэн хийгээд гэмт этгээдийн зүгээс элдэв дарамтанд орох ч  асуудал  тохиолддог. Энэ тохиолдолд хүүхдэд эрхийн хамгааллын асуудлыг яах вэ гээд олон асуудлыг хуульчилж өгсөн. Нэмж хэлэхэд, гамшиг ослын үед хүүхэд хамгааллын асуудлыг яаж зохицуулах вэ гэсэн шинэлэг зүйлүүд хуульд орсон. Хуучин хуулиас харьцангуй дэвшилттэй болсон зүйл нь юу вэ гэвэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлагын асуудал гэж хардаг байсныг өөрчилж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг үе шат, зохицуулалтыг хуульчилж өгсөн. Хөндөж, дэвшүүлсэн дээрх саналууд хуульд зохих хэмжээгээр тусгалаа олж орсон. Харин эцэг, эхийн үр хүүхдээ үл хайхардаг, хайхрамжгүй байдлын хор хөнөөлөөс бага насны хүүхэд осол гэмтэлд орж, эсвэл ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа энэ үйл баримт дээр эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуульчлах ёстой гэсэн санал маань миний санаанд хүртэл тусгагдаагүй. Гэхдээ дараагийн удаа илүү дэлгэрэнгүй тодорхой боломж ирэх байх гэдэгт найдаж байна. Хөндөж буй эдгээр асуудал хуульд зохих хэмжээгээр тусгалаа олж орсон.

-Хууль батлагдан гарах нэг хэрэг. Уг хуулийг сурталчлан таниулах, амьдралд хэрэгжүүлэх тал дээр хэр анхаарч байгаа бол оо?

-Хууль батлагдан гараад олон нийтэд сурталчлан таниулах ажил үе шаттай явж байгаа хэдий ч эцэг, эхчүүдэд хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг хүргэх асуудал орхигдож байна. Нөгөө талаар эцэг, эхчүүд дунд “Би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдэж байна” гэх хандлага нийтлэг ажиглагддаг. Энэ бол зан заншлын хэм хэмжээтэй холбоотой, уламжлалт чиг хандлага л даа. Хуульд ямар өөрчлөлт оров  гэдгийг нийгэмд ойлгуулах нь маш чухал. Төрийн алба хаагчид, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжилтнүүдээс гадна нийгмээрээ, нийтээрээ хүүхдийн асуудлыг хөндөж ярьдаг. Түүн шигээ хүүхдийнхээ өмнө томчууд ямар үүрэг хүлээж, хариуцлага үүрч байгаа юм бэ гэдгийг нийтээрээ мэдэж байх нь тулгамдсан асуудал. Шинээр батлагдсан хуулийг ойлгож, мэдэж, хэрэглээ болгож байж хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх нөхцөл, орчныг бүрдүүлнэ.
Гэтэл өнөөдөр хүүхэд хамгааллын орчин хангалтгүй байна. Хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад нийтээрээ анхаарах шаардлагатай болжээ. Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд гаргасан мэдээллээс харахад 2024 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьсан байна. Оны эхний улиралд 1582 хэрэг гарсан гэхээр нэг сард 500 гаруй хүүхэд ямар нэг хэлбэрээр гэмт хэргийн хохирогч болж байна. Анхаарал татсан асуудал олон байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг урд онуудаас өндөр өсөлттэй нэмэгджээ. Гэмт хэргийн зүйлчлэлээр авч үзэхэд 368 хүүхэд хулгайлах гэмт хэргийн, 300-гаад хүүхэд эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн, 360 гаруй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн 100 гаруй хүүхэд залилах гэмт хэргийн хохирогч болж. Хүчиндэх гэмт хэрэгт жилд дунджаар 350 орчим хүүхэд хохирогч болдог бол энэ оны нэгдүгээр улиралд л 360 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байна гэдэг анхаарал татсан асуудал.

-Уг нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгасан биз дээ?

-Тийм. 2023 оны 12-р сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бага насны хүүхэд хүчиндсэн тохиолдолд оногдуулах ялыг 20 биш 25 болгож нэмсэн. Мэргэжлийн хүний хувьд тухайн үед хорих ялыг нэмснээр асуудлыг шийдэх гарц биш ээ гэж байр сууриа илэрхийлж байсан. Үнэхээр тийм гэдгийг дээр өгүүлсэн статистик харуулж байна. Хуулиа чангаруулснаар бүх асуудал шийдэгддэггүй юм байна. Хууль амьд байх ёстой атал амьдралд буухгүй байна. Амьдрал мэдэхгүй хүмүүс хууль баталбал ингэдэг.

Хорих ялын хугацааг нэмснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдэд ямар нэг хэмжээгээр айдас болгоомжлол төрнө, ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаараа, 25 жил хоригдоно гэсэн ойлголт гэмт хэрэгтэнд төрөх байх гэж хууль тогтоогчид тооцсон. Гэтэл харамсалтай нь тийм зүйл байхгүй байна. Нэг жилд үйлдэгддэг гэмт хэргийн тоо ганц улирлын статистик дээр гараад ирлээ. Энэ нь хамгийн их анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудалд ялын өөр бодлого хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдүүдийн пэдофил шинж тэмдэг буюу бага насны хүүхдийг сонирхдог хүмүүсийн тоо нэмэгдээд байна уу, эсвэл сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй этгээдүүд ийм гэмт хэрэг үйлдээд байгаа юм уу. Физиологийн хэрэгцээгээ хангах үүднээс, өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж хүүхдэд халдаад байгаа юм уу гэх мэт олон шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоож байж хариуцлагын санкцыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хөндөх ёстой. Манай улс шиг нэг жилд ийм олон хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа улс орон алга. Энэ нь ялын бодлого бодит байдал дээр нэг л нийцэхгүй байгаагийн тод жишээ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Мэргэжлийн хүмүүсийн байр суурь, дуу хоолойг сонсох хэрэгтэй. Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг өсөөд байгаа асуудал дээр криминологи судалгаа, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ гэж прокурорын байгууллагаас мэдээлсэн. Хүүхэд гэдэг эрх зүйн бүрэн чадамжгүй, биеэ хамгаалах чадваргүй, тодорхой үүрэг, хариуцлага хүлээгээгүй, хариуцлага хүлээх хуулийн насанд хүрээгүй бодьгал. Гэтэл хүүхдийг гэмт хэргийн обьект болгож, хохироож байна гэдэг томчууд бид хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаагийн тод жишээ. Хаана, ямар орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод байна гэхээр дийлэнхидээ гэр бүлийн орчинд. Төр хууль, тогтоомжоо боловсронгуй болгоод, хүүхэд хамгааллын байруудыг барьж байгуулаад л байна. Сая Хүүхэд хамгааллын тухай хуулиар 700 гаруй нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоог баталлаа. Сум, хороо болгонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй боллоо.  Төр ингэж хүүхдийн төлөө анхаарч байхад гэр бүл дотроо хүүхдийг хохироогоод байгаа энэ үйл баримт бол үнэхээр ноцтой. Төрийн бодлого гэр бүлд очих ёстой. Энэ тал дээр анхаарах цаг болсныг харуулж байна. Хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн субьектууд буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэх хариуцлагын асуудлыг өөр түвшинд хөндөх хэрэгтэй болж байна.

Энэ он гарсаар бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон 6-15 насны хорь гаруй охидын шүүх хурлуудад ороод байна.  Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс дунджаар 15-18 жилийн хорих ял оногдуулсан. Үүний цаана хүүхэд гэмт хэрэгт өртөхөд ойрхон байсан хүүхдийг  асран халамжилж, харгалзан дэмжиж, хараа хяналт тавих ёстой субьектууд ямар ч хуулийн хариуцага хүлээхгүй мултарч байна. Үр хүүхдээ хайхардаггүй байдал газар авчээ. Тэгснээ гэнэт л миний хүүхдийг хохироосон байна гээд хашгичаад гүйдэг болохоос биш яагаад миний хүүхэд  ийм ноцтой гэмт хэргийн хохирогч болчихов оо, хараа хяналт сул байв уу гэдэгт огт анхаарал хандуулдаггүй. Хүүхдээ хайрлаж хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх, хараа хяналт тавих үүргийнхээ хаана нь алдаа гаргав гэж ухамсартайгаар бодож, цэгнэхийг ч хүсэхгүй байна. Тухайлбал: өвөөтэй нь даалуу, шатар тоглодог өвгөд ач охиныг нь ээлж дараалан охиныг нь хүчиндсэн гэмт хэрэг гарлаа. Мэдээж өндөр настай хоёр хүн хаалттай дэглэмд хорих ял эдлэх хуулийн хариуцлага хүлээгээд явцгаасан. Харин тэр өнчин охиныг өвөө нь асран  хамгаална гээд өөр дээрээ авсан атлаа гэмт хэргийн хохирогч болгоод насан туршийн эдгэшгүй шархтай үлдээлээ. Тэр хүүхэд одоогоор очих тодорхой газаргүй, маш хүнд нөхцөлд байна. Гэмт хэрэгт холбогдож хариуцлага хүлээсэн Өвгөчүүдийн үр  хүүхэд, ач зээ нар хүртэл өвөөгөө өмөөрч хохирогч охиныг элдвээр дарамталж, тэр бүү хэл гудамжаар явахад нь чулуугаар шидэж биед нь халдахыг завдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан байдаг.

Тиймээс хохирогч охин өссөн өвөөийндөө амьдрах боломжгүй болж, хамаатны айлаар хоног төөрүүлэн амьдарч байна. Энэ жишээнээс хүүхэд хамгааллын бодлого хүрэх ёстой газраа хүрэхгүй байна. БЗД-ийн Гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтэст хандаж энэ хүүхдийн МСҮТ-д оруулчихлаа. Дотуур байр болон сургалтын төлбөрт нь нэмэр тус болооч гэж 2 удаа амаар болон бичгээр хүсэлт гаргасан. Харамсалтай нь төсөвт ийм үйлчилгээнд зориулсан мөнгө суугаагүй тул хожим нь аудитаас торгууль тавигддаг гээд халгаагаагүй шүү. Эцэст нь аргаа бараад нөгөө охиныхоо сургалтын төлбөрийг өнгөрсөн 4 сард өөрөөсөө төлж өгсөн дөө. Үнэгүй өмгөөлнө, араас нь сургууль соёл бараадуулах гэж хөтөлж гүйсээр эцэст төлбөрийн хүртэл төлөөд л байж байна. Ёстой нөгөө Жавхлангийн дуунд гардаг шиг тавилан юм даа. Яг үнэндээ 11хэн наснаасаа эхлэн тийм аймшиг дунд байсан охин хүүхдийг хайрлахгүй, араатнуудаас холдуулж хамгаалахгүй байхын аргагүй шүү дээ. Хүүхэд гэмт хэрэгт өртлөө төр хамгаалалтандаа авч сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хууль зүйн иж бүрэн туслалцаа үзүүлдэг шуурхай тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй ээ. Энэ мэт онц ноцтой асуудалд төрийн хүүхэд хамгааллын хүндээ ойртож хүрсэн бодлого хэрэгтэй. Төрөөс хүүхэд хамгаалын чиглэлээр төсөвлөсөн 14 тэрбум төгрөг хүндээ хүрэхгүй байна шүү дээ. Эцэг, эхийн хариуцлагыг ярихгүйгээр зөвхөн төр хамгаалах ёстой, төрийн хамгаалалтад байх ёстой гэж өрөөсгөлөөр хардаг хандлага эцэг, эхийн хариуцлагыг сулруулж байна. Хүүхдийн эрх хамгаалын чиглэлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, дэмжих  хэрэгтэй байна.

-Хүүхдээ үл хайхрах нь гэмт хэрэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчдад ойлгуулах, тэдэнд үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах ёстой юм байна даа?

-Энэ талын асуудал үнэнхүү учир дутагдалтай байна аа. Тийм айхтар гэмт хэргийн хохирогч болгочоод зөрчлийн хуулиар ч хариуцлага хөндөгдөхгүй орхино гэдэг дэндүү шудрага бус. Үүний цаана үр хүүхдээ зүгээр л орхиод явчихдаг этгээдүүдийн асудал зүгээр л ямар ч хариуцлагын асуудал хөндөгдөхгүй орхигдож байна. Арай нэг хуулиа гадарладаг нь араас ч гүйсээр хүүхэддээ тэтгэмж тогтоолгосон шүүхийн шийдвэртэй үлдэж байх жишээний. Ухамсартай хандаж хүүхдийн тэтгэлэгээ хугацаанд нь төлдөг эцэг, эх ердөө 40 гаруй хувьтай  байдаг. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад жилд дунджаар 1146-1774 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байдаг. Мөн 350-450 хүүхдэд эцэг тогтоолгосон шүүхийн шийдвэр гарч байна. Хүүхдийн эрх хамгааллын асуудлын хүрээнд мэргэжлийн хуульч өмгөөлөгчийн тусламж дэмжлэг маш хэрэгтэй байдаг. Иймээс одоогоос 3 жилийн өмнө хүүхдийн эрхийн хуульчдын сүлжээ байгуулаад ажиллаж байна.

Хүүхдийн төлөө ажилладаг хүмүүс мөнгө бус сэтгэл түшиж ажилладагаараа онцлог. Хүүхдийн эрх хамгааллын хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хуульчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгаалын газартай хамтран энэ сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж  байна. Тус газрын даргаар эмэгтэй хүн, тэр тусмаа хуульч мэргэжилтэй хүн томилогдсон. Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй ажиллах байх гэж найдаж байна. Салбарын сайд Х.Булгантуяагийн хувьд Хүүхэд хамгааллын хуулийг батлуулахад санал санаачлагатай ажилласан төдийгүй батлагдан гарсан хуулиа сурталчилан таниулах ажлыг маш өргөн хүрээтэй, хүртээмжтэй зохион байгуулж байгаад мэргэжлийн хүний хувьд талархан харж байгаа. Хуулийн хүрээнд дагалдах журмуудыг мөн батлууллаа. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл нэлээд унтаа байдалтай байсныг идэвхжүүлж,иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нь маш онцлогтой дэвшилттэй алхам болсон. Шинэ хуулиа сурталчилан таниулах, салбар бүр хүүхэм хамгааллын бодлого боловсруулах тал дээр арга зүйн зөвлөмж хүргүүлэх ажлын чиглэлийн яам ХТҮЗ-ийн гишүүдтэй хамтран яамдууд болон төрийн байгууллагууд дээр өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь шинэлэг байв.

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна ахуйн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их гарах болсон санагддаг?

-2023 онд 67873 хүүхэд осол, гэмтэлд өртөж, гар хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болж, гэмтэж бэртсэн байна. Энэ бол эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдол дээр үндэслэн гаргасан статистик. Сард дунджаар 5600 хүүхэд гэмтэж бэртэж байна. Энэ бол аймшигтай. Ийм олон хүүхэд ямар нэг хэлбэрээр ахуйн чанартай осол, гэмтэлд өртөж байна. Тэднийг асран хамгаалах ёстой томчууд хаана байна аа. Энэ бол нөгөө л хараа хяналтгүй байдал, үл хайхралын асуудал. Хүүхдэд ээлтэй орчны стандарт хангагдахгүй байна уу. Яг юунаас болж байна вэ. Эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага сул байна уу. Энэ бүхнийг ярих ёстой.

-Хүүхэд хамгааллын тухай хуульд дээрэлхэлтийн талаар зүйл, заалт шинээр орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Цагдаагийн байгууллага “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” гэсэн уриан дор нөлөөллийн аян зохион байгуулж байна. Үндэсний хэмжээний олон томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Уул шугамандаа хүүхэд хамгааллын мөнгө төгрөг төсөвлөгддөг хүүхэд хамгааллын байгууллага илүү өргөн хүрээтэй оролцвол илүү үр өгөөжтэй болох юм.

Аяны хүрээнд хэн нэгнийг дээрэлхвэл ямар хариуцлага хүлээх талаар болон хүүхдүүдийн эцэг эхчүүд хүртэл хариуцлага хүлээж, сургалтанд суух талаар хуулинд шинээр тусгагдсан зохицуулалт шийдлийг түгээвэл илүү үр дүнтэй. Бага насны хүүхдүүдэд аливаа зүйлийг видео контент, кино зэргээр хүргэхэд илүү ойлгодог юм байна. Тэрнээс биш “дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гээд хоосон яриад, хууль дүрэм тайлбарлаад байвал тэдэнд тийм ч сайн буухгүй санагдсан. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр сургуулиудад чадан ядан лекц уншиж байна. Бодох зүйл олон харагдаж байна. “Дээрэлхэлтийг багш нар бас бидэнд үүсгэдэг шүү дээ” гэж  хүүхдүүд хэлэх жишээтэй. Энэ аяны хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ч гэсэн бодох асуудал их байна. Хүүхдүүд байтугай томчууд бид өөрсдөө багш нар, сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө Хүүхэд хамгаллын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг мэдэхгүй, олж хараагүй л байна. Хуулийг багш нарт хүргэх, түгээх асуудал сайн биш байна. Багш нартай санал солилцоход хүүхэд хамгааллын талаар  бид ийм ийм үүрэг, хариуцлагатай гэдгээ төдийлөн мэдэхгүй байна. Хуулийг сурталчлан таниулахдаа мэдээллийн технологийг ашиглахаас гадна мэргэжлийн хүнээр тайлбарлуулбал илүү өгөөжтэй.

-Шинээр хууль батлагдахад олон журам дагалдаж гардаг. Тэр бүхнийг энгийн иргэд уншиж танилцана гэдэг боломжгүй санагддаг шүү дээ?

-Хуулийг дагаад маш олон журам гардаг. Хууль нь нийгмийн гол харилцааг зохицуулдаг хүчин чадалтай байдаг. Харин журам нь зарим нэг зүйлийг нарийвчлан тайлбарладаг арга зүйн ач холбогдолтой. Гэвч хуульд байгаагүй зүйлийг журамд тусгадаг жишиг бий болжээ. Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг хуулийн цаана 8-аас доошгүй журам батлагдан гарах стандарттай. Харамсалтай нь хэрэгжиж байгаа хуулиас 5-6 дахин их журам үйлчилж байна.Энэ нь сөрөг үр дагавар бий болгож байгаа. Хуулиас илүү хүчин чадалтай буюу хуульд байхгүй харилцааг зохицуулсан журмууд олон болоод ирэхээр хүний эрхийн зөрчил ихэсдэг. Сүүлийн дөрвөн жилд Засгийн газрын шийдвэрээр 700 гаруй журам батлагдсан. Нийт 3000 гаруй журамтай улс болжээ. 10 жилийн өмнө 500-600 журам л нийгмийн харилцааг зохицуулж байв. Хүний эрхийг хязгаарласан, хуулиас давсан харилцааг зохицуулсан хэм хэмжээ бүхий энэ журмуудыг эргэн харж зохицуулах шаардлагатай. Дээр хэлсэн 3000 журмаас гадна ХЗДХ-нд бүртгэлгүй 1000-аад журам байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүний эрх зөрчсөн, хуультайгаа зөрчилдөж байгаа нэлээд журмыг хүчингүй болгосон байна лээ. Энэ нь хүний эрхийн зөрчлийг арилгах, иргэдэд чирэгдэл болж байгаа тэр олон зохицуулалтыг өөрчлөх практик ач холбогдолтой. Цаашид хууль түүний журмуудыг кодификацижуулах, судлан шинжлэх, давхардал, хийдэл, зөрчилд нь дүн шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт хийх хэрэгцээ шаардлага их байна.  

-Бизнесийн салбарт мөрдөгддөг олон журам жинхэнэ авлига, хүнд суртлын үндэс болдог доо?

-Бизнес эрхлэгчдийн  хувьд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулдаг, саад болдог байгаа зүйл нь хууль гэхээсээ илүү хуулийг дагаж гарсан журмууд байна. Элдэв журмуудаар бизнесээ чөлөөтай явуулах эрх хэмжээг хязгаарлаж, хориглосон хүнд суртал байгаад байна. Тиймээс захиргааны хэм хэмжээ тогтоосон журмууд ардаа хээл хахууль, авлига хүнд суртал бий болгож байна гэж бизнес эрхлэгчид хэлж байгаа нь оргүй хоосон зүйл биш ээ. Сүүлдээ иргэд бизнес хийхээс халширч байна. Энэ олон дүрэм журам, энэ олон шахалтууд, татвар, нийгмийн даатгалын өндөр татаасууд тэднийг залхааж байна. Хууль түүнийг дагалдан гарах журмууд тухайн харилцаанд оролцогчдын аль алиных нь эрх ашгийг тэнцүү түвшинд авч үзэж журамлаж байх учиртай. Үүний нэг жишээ гэвэл Хөдөлмөрийн тухай хууль. Тус хуульд ажил олгогч нарын эрхийн асуудал нэлээд хязгаарлагдмал зохицуулагдах болсон нь ямар үр дагавар бий болгов гэхээр ажилчин ангигүй болох хандлага руу явж байна. Ажил хийж байгаа ажилтандаа шаардлага тавих юм бол ажлын байраа орхиод явчихдаг. Тэр хүнтэй хариуцлага тооцох асуудал байхгүй. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд хохироод үлддэг. Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмаа бүрэн хангахгүй хууль болсон талаар санал, шүүмлэлүүд байгааг хууль тогтоогчид олж хараасай гэж боддог.
Бизнесийн орчныг хууль зүйн хамгаалалттай болгохгүй бол эдийн засаг хөгжихгүй. Бичил үйлдвэрлэл, бичил бизнес, хувиараа бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүдээ дэижихгүй бол Монгол Улс хөгжихгүй. Шударга өрсөлдөөний тухай, Монополын тухай хуулиудыг эргэж харах ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжих нөхцөлийг хуулиар давуу байдал үсгээд, боомилж байна. Тухайлбал гурил дээр хэдхэн компанид энэ салбарт ноёлох боломжийг хууль тогтоогчид олгочихсон байна гэдэг бол үнэхээр шударга ёсонд нийцэхгүй. Шинээр энэ салбарт орж байгаа бизнес эрхлэгчид% залуучуудад боломж олгохгүй байна. Гурилын үнэ буулгах, зах зээлд өрсөлдөөн бий болгох боломж олгоогүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэрийдлээр импортын гурилыг бүрэн хаасан. Ингэж хясан боогдуулж болдог юм уу. Таван компани үгсэн хуйвалдаж байгаад үнээ нэмдэг. Тэрийг нь иргэд авахгүй байх аргагүй. Нэг талаар хуулиар далайлгасан, хуулийн ард нуугдсан, хуулиар хамгаалагдсан луйвар, залилан мэхэлсэн дээрэм хийж байна. Үүний эсрэг зогсоно, дуугарна. Цаашдаа улсын төсвөөс татаас авдаг, улсын төсвөөс дэмжлэг өгдөг янз бүрийн сангуудын ард юу байгааг нухацтай судалъя гэж бодож байгаа. Би хүний эрхийг хамгаалах чиглэлээр илүү ажиллаж ирсэн. Гэтэл асуудал хүндээ биш батлаад байгаа хуульдаа байна. Төрийг хувийн бизнесээ хөгжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг зарчимгүй байдлыг таслан зогсоох ёстой.

-Парламент хууль батлаад орхих биш хэрэгжилтэд нь, амьдралд хэр ниийцэж байгаад нь, үр дагаварт нь гээд  тал талаас нухацтай судалгаа хиймээр юм байна даа. Ямар хууль байна, тийм нийгэм л бүрэлдэнэ гээд хэлчихэд болох байх?

-Би хууль зүйн салбарт 20-гаруй жил тууштай ажиллаж байна. Өмгөөлөл, хууль зүйн салбарт ажиллахаасаа өмнө би боловсролын салбарт олон жил ажилласан. “Их Засаг”-ын Булгамаа гэж нэрлэгдтэлээ багшаас декан, сургалт эрхэлсэн проректор, сургалт инновац эрхэлсэн дэд захирал болтлоо мерит зарчмаар ажилласан. Олон жил төрийн бус өмчийн дээд сургуулийн удирдах түвшинд ажилласан. Хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын үүрэг нийгэмд их байжээ. Нийгэм солигдох үед  олон хувийн сургууль байгуулагдсан. Гэтэл тэднийг үеийн үед адалж ирсэн. Олон байна, чанаргүй сургалт явуулж байна гээд л. Энэ бол боловсролын салбарт төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг хааж боох бодлогын нэг хэлбэр. Гэтэл хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд цөөрөхийн хэрээр түүнийг дагаад хувь хүний хөгжлийн бодлого унаж иржээ. Тэр олон залуусыг сургах, боловсрол олгох, хүмүүжүүлэхэд хувийн өмчийн их, дээд сургуулиуд их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс би хувийн их, дээд сургуулиудын тоог бууруулсанд сэтгэл дундуур явдаг. Монголын боловсролыг дэлхийд, дэлхийн боловсролыг Монголд нутагшуулах, академик эрх чөлөөг нь энэ салбарт өгөх ёстой байсан. Иргэд нь боловсролтой, ажилтай байж амьдралын чанар сайжирдаг. Ажилгүй, боловсролгүй хүн гэмт хэргийн ертөнц рүү амархан халтирч ордог. Амар хялбар аргаар амьдрах гэж бодоод алдаж байна. Залуучууд санамсар болгоомжгүйгээс, эсвэл амар хялбар аргаар орлогын эх үүсвэртэй болох гэснээсээ болж цахим тоглоом, цахим залиланд өртөж улмаар эрүүгийн ертөнц рүү халтиран орж  байна. Мал хулгайлах гэмт хэрэг л гэхэд 2-8 жилийн ялтай. Гэмт хэргээр олсон малаа худалдан борлуулсан бол, амьдралын эх үүсвэр болгосон гээд 5-12 жилийн ялтай. Олон тооны мал гэдэгт 8 бог, хоёр бод орж байгаа юм. Хоёр бод туугаад уул давуулж яваад баригдвал доод тал нь хоёр жилийн ял авах жишээтэй. Монгол Улсад хорих ял эдэлж байгаа иргэдийн тоо маш залуужиж байна. Урьдчилан хорих 461-р ангид хоригдогсод 700, 800-гаас буурахгүй байна. Эмэгтэйчүүдийн хорих 300 гаруй ээжүүд бүсгүйчүүд хүмүүжиж байна Тус хорих ангийн даац нь хэтрээд нэг өрөөнд 8-12 хүн хоригдож байна. Тэнд нөхцөл байдал нь туйлын хүнд. Төрийн бодлого, ялын бодлого оновчгүй байгаагийн нэг жишээ энэ. Иргэдээ боловсролтой, ажил орлоготой болгоход анхаараагүйн хор хөнөөл ингэж гарч байна.

Мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарт академик эрх чөлөөг нь өгч байж энэ салбар хөгжинө. За тэгээд Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авчихаад, уг зээлээ эргүүлж төлснөөр асуудлыг хааж байгаа нь шудрага ёсны зарчим нийцэхгүй үйлдэл. Жинхэнэ сурах ёстой залуусын боломж, цаг хугацааг хулгайлчихаад сургалтын төлбөрөө буцааж төлсөн гэдгээр цагаадаж болохгүй. Алдагдсан боломжийг тооцож, нөхөн төлүүлэх асуудлыг гаргаж тавих ёстой. Үгүй дээ тэр зээл авагсад Монголын төрд дор хаяж 5 жил ажиллах ёстой. Зээлийн сангийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар тусгайлан судалгаа хийж  Монголын төрд  учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр стратегийн өмгөөлөл хийхсэн гэж боддог.

-Сүүлийн асуулт. Яг одоо УИХ-ын ээлжит сонгууль эхлэх гэж байна. Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд хуульчид чухал үүрэгтэй. Энэ талаар юу хэлэх вэ?

-Төрийн бүх шатанд ер нь хаа хаанаа л сонгууль гээд оволзоод байна. Үндсэндээ сошиал медиа, хэвлэл мэдээллийн салбар ачааллаа даахгүй болтол асуудал өрнөж байна. Нийгмээрээ сэтгэцийн өөрчлөлтөд ормоор айхтар айхтар мэдээлэл, сенсаациар цэнэглэгдэж байна. Ямар нийгэмд амьдраад байгаагаа ойлгож ядаж байна. Мэдээллийн эрин зуунд хүн хүлээн авч байгаа, түгээж байгаа мэдээлэлдээ ямар нэг цензур тавихгүй бол мэдээллийн энэ их урсгал хор хөнөөлтэй. Монгол хүний сэтгэц, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар бий болно. Мэдээж мэдээлэл нээлттэй байх ёстой. Тэгэхдээ хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой. Сошиал эрүүдэн шүүлт гэдэг зүйл бий болж байгаад шүүмжлэлтэй харж байна. Цахим орчинд хүний эрх ноцтой зөрчигддөг талбар боллоо. Энэ талаар тун хэрэгтэй хуулийн төсөл явж байсан. Агуулга ач холбогдол өндөртэй хууль байсныг цаг хугацаа харуулсаар л байна. Сонгуулийн өмнөх мэдээллийн энэ их давлагаан дунд сонгогчдодоо боловсрол олгох компанит ажил орхигдож байна. Иргэд ийм их хар бараан мэдээллүүдээс залхана, ядарна. Тэгээд эцэстээ “надтай надгүй сонгууль болно биз” гээд идэвх, оролцоо нь багасна. Тиймээс таны нэг санал нийгмээ өөрчлөхөд ямар нөлөөтай вэ гэдэг ойлголт, итгэл үнэмшлийн эхлээд өгөх хэрэгтэй. Тийм ажил хийгдэхгүй байгаа тул сонгуулийн ирц дутдаг. Иргэд наад зах нь саналын хуудсаа хэрхэн дугуйлах талаар ойлголттой байна уу. Саналаа баталгаажуулахаар зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг хууль бус үйлдэл гаргавал хариуцлага хүлээнэ. Сонгуулийн сурталчилгаанд зориулж цахим хуудас хөтөлж байгаа бол түүнийгээ бүртгүүлэхээ мэдэж байна уу. Нэр дэвшиж байгаа нэгэндээ хандив өгөхөөр бол өөрийн овог нэрээс гадна регистр биш иргэний бүртгэлийн дугаар, шилжүүлж байгаа мөнгөнийхөө эх үүсвэрийг бичих ёстой болж байгаа талаар хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг мэдэж байна уу гээд олон асуудал байна даа...

Иргэдэд эрх зүйн боловсрол олгох нь тулгамдсан асуудал болоод байгааг олж хараад сонгуулийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, хуулийн хэрэглээнд  гардаг алдаанаас сэргийлэх талаар СЕХ-той хамтарсан хуульчдын нэгдсэн сургалт зохион байгуулсан. Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо сургалтанд хамрагдсан хуульч нартайгаа хамтран Сонгогчдод боловсрол олгох нөлөөллийг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг иргэдэд эрх зүйн боловсрол олгох Пробоно өдөрлөгөөр эхлүүлсэн байгаа.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм3 цаг 59 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ4 цаг 8 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе4 цаг 11 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе4 цаг 19 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ4 цаг 39 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм4 цаг 47 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе6 цаг 38 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм6 цаг 42 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох