Улстөр нийгэм
МҮОНРТ: Сонгуулийн сурталчилгаа, мэтгэлцээний дэг танилцуулах уулзалт боллоо
МҮОНРТ нь УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгаа болоод мэтгэлцээнийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос батласан хуваарь, цагийн дагуу үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөлд сурталчилгааны цагийн хуваарь, мэтгэлцээний дэгийг танилцуулах уулзалт өнөөдөр МҮОНРТ-ийн төв байранд боллоо.
Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл энэ талаар мэдээлэл өгч, төлөөллүүдтэй санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд Олон Нийтийн Радио Телевизээр Улс төрийн нам, Эвсэл, Бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй цаг хуваарилах, Мэтгэлцээний дэг, аргачлалд мэтгэлцэгчдийн төлөөллын саналыг тусгаж, ХХЗХ, СЕХ-нд хүргүүлж, танилцуулахаар боллоо.
Сануулахад: МҮОНРТ нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар Харилцаа холбооны зохицуулах хорооноос батласан хуваарь, цагийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээнийг төлбөргүй нэвтрүүлэх үүргийг хүлээдэг.

Тодруулбал,
39 дүгээр зүйл. сонгуулийн сурталчилгаа
39.1. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
46 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах
46.1. Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно.
46.2. Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.
46.3. Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.
46.4. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.
46.17. Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.
46.18.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.
46.20. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн, энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.
46.21. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.
46.22. Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.
46.23. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
46.24. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар энэ хуулийн 46.20-д заасан журам зөрчсөн бол эхний удаад сануулах арга хэмжээ авах, эсхүл радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл цуцлах тухай шийдвэр гаргана.
46.27. Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байж болно.
46.28. Радио, телевизийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэг сонгуулийн сурталчилгаа дундуур нэвтрүүлэхийг хориглоно... гэсэн байдаг.

Мөн Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын
ХОЁР: Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа болон мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх гэсэн хэсэгт
- Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох санал гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.11, 46.12, 46.18, 46.28 дахь хэсэгт нийцүүлэн дараах зарчмыг баримтална.
- сурталчилгааны нэвтрүүлгийг аль нэг сувгаар, мэтгэлцээний нэвтрүүлгийг үндсэн сувгаар төлбөргүй нэвтрүүлэх;
- сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцож хуваарилах ба үүнд оргил цаг болон сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдийн цаг мөн хамаарах;
- сурталчилгааны нэвтрүүлгийн дарааллыг тооцохдоо сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагаас эхлэн тоолох зарчмаар хуваарилах;
- хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны цаг хуваарилахгүй байх.
- Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримтлах аргачлалыг баталж, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн саналыг харгалзан тогтооно.
- Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч болон олон нийтэд ил тод мэдээлнэ.
- Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, уг саналыг боловсруулахад баримталсан аргачлал, дэгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэх)-нд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.
- Зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.12 дах хэсэг, энэ журмын 2.1-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө баталж, Олон нийтийн радио, телевизэд хүргүүлнэ.
- Олон нийтийн радио, телевиз нь энэ журмын 2.5-т заасан сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн батлагдсан хуваарийг нийтэд мэдээлж, цахим хуудастаа байршуулна.
- Олон нийтийн радио, телевиз нь мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.17 дах хэсэг болон энэхүү журмын 2.2-т заасан мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг баримтлах ба оролцогч, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт тодорхой илэрхийлнэ.
- Мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх хуваарь, цагийг урьдчилан хөтөлбөрийн хуваарьт оруулсан байна.
- Мэтгэлцээний нэвтрүүлгийг бусад хөтөлбөр, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, "Мэтгэлцээн” гэсэн бичиглэлийг дэлгэцийн аль нэг буланд тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.
- Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.
- Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Олон нийтийн радио, телевизийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.
- Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн төв байгууллагын албан ёсны мэдээ, мэдээлэл, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.15, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгын дагуу төлбөргүй нэвтрүүлнэ.
- Олон Нийтийн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх болон сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 46.19-ийг баримтлах ба өөрийн редакцын бодлого, зохицуулалтын хүрээнд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасныг сахин, мөрдөж ажиллана... гэжээ.






Улстөр нийгэм
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.
Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.
Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.
Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.
Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.
“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.
Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.
Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.
Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.
Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.
