Урлаг спорт
Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2020.01.12/ өндөрлөв.

Төрийн ордонд хоёр өдөр болсон энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглосон.
Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргээс оролцсон А.Аръяабадрал хоёр дугаар байр, Өвөрхангай аймгаас оролцсон М.Баатар гуравдугаар байранд шалгарлаа. Шагнал байрт Сүхбаатар аймгаас оролцсон Б.Очирсүх, Дархан-Уул аймгаас оролцсон Д.Сүх-Очир, Хэнтий аймгаас оролцсон Г.Баяраа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс оролцсон Б.Цоггэрэл нар орлоо.

Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байранд нийслэлээс оролцсон Б.Батцэнд, Хэнтий аймгаас оролцсон Э.Батсувд, Увс аймгаас оролцсон Ж.Алтанцэцэг нар орлоо.

Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан шатарчдад шагналыг нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даваахүү болон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шилэгдмэл шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Оч нар Төрийн ордонд гардуулж, баяр хүргэлээ.

Харин тэмцээний аваргуудад буюу эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерийн цол, тэмдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болж байгаа Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэсэн юм.

Мөн тус тэмцээнээс “Оюунлаг түшээ”-гээр тодорсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат Ж.Лхагва нарт Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав өргөмжлөл гардуулж, баяр хүргэв.

Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор насанд хүрэгчдийн ази тив болон дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон юм.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн жилээс жилд өргөжин, сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй оролцогчид насны хувьд залуужиж, эрэгтэй, эмэгтэй ангилалд хоёуланд нь дээгүүр байр эзэлж буй шатарчин 19-21 насныхан байгаа талаар тэмцээний шүүгчид ярьж байв.
Урлаг спорт
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас албан ёсоор мэдээллээ.
Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан байна.
Сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан аж.
Тиймээс тэмцээний үеэр допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс руу хүргүүлсэн гэв.
Допинг илэрсэн бөхчүүд
- Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
- Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Начин Болдбаатарын Сундуйжадамба
- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
- Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ

Эх сурвалж: Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага
Урлаг спорт
Шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
НИТХ-аас шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттэй зохион байгууллаа. Тэмцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж улмаар энэхүү түүхэн өдрийн жил бүрийн 01 дүгээр 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү тэмдэглэлт Үндсэн хуулийн өдөрт зориулж Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн” Улаанбаатар хотноо Төрийн ордонд 2026 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний Анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор амжилттай зохион байгуулж, өнөөдөр нийслэлийн аваргын төлөөх тэмцээн боллоо.
Нээлтийн үеэр Нийслэдийн шатрын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбат “Нийслэлийн Шатрын холбооны бодлого чиглэл, хамтын үйл ажиллагаа болон холбооны материаллаг баазыг бэхжүүлэх, улмаар нийслэлийн хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шатрын спортоор дамжуулан зөв дадал зуршлыг бий болгох чиглэлээр зохион байгуулж буй хөтөлбөр арга хэмжээнд дэмжлэг туслалацаа үзүүлэн хамтран ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр танд Нийслэлийн Шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа мөн нийт шатар сонирхогч иргэдийнхээ өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье.Нийслэлийн Шатрын холбоо 2026 онд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөж байна. Тухайлбал, гадаадын улс орнуудтай цуврал Онлайн тэмцээнүүдийг зохион байгуулах, алслагдсан захын 3 дүүргийн төлбөрийн боломжгүй хүүхдүүдийг шатрын сургалтанд үе шаттай хамруулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна” гэлээ.

Урлаг спорт
Хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар:
1. Үндэсний спортыг дэмжигч байгууллагуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал,
2. Нүүдэлчдийн гал голомт, эртний түүхтэй Монгол орондоо Нүүдэлчдийн Дэлхийн их наадмыг 2026 онд МҮСХороотой хамтран Олон улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах, үндэсний бөхийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах барилдааныг зохиох нөхцөл боломжийг судлан ажиллах,
3. Монгол улсаа сурталчлах үйл ажиллагаанд Монголын Үндэсний спортын хороо болон МҮБХ-той хамтран үндэсний бөхийн шилдэг тамирчдыг оролцуулж ажиллах,
4. Үндэсний бөхийн Төрийн оролцоотой зарим барилдаануудыг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн дамжуулалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.
Уулзалтаар талууд дээрх асуудлуудад нэгдсэн байр суурьтай ажиллах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Урлаг спорт2019/08/23
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол ...
-
Цаг үе2024/11/15
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
-
Шударга мэдээ2024/08/28
Цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болго...
-
Урлаг спорт2023/05/09
"Хурд-Түүхт 30 жил" концерт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
