Шударга мэдээ
Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ 2024 оны 02 сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ.
Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлын үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхид суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.
Үнэлгээнд нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурах хандлага багатай байна. Огцом өсөлт бий болох аюул харагдаж байна. Нийслэл хот 2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсоноос жилд дунджаар 3 удаа тохиолдож байна. Цаашид энэ эрчимшил нь буурахгүй хандлагатай байгааг дурджээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй суурьшдаг.
Тэдгээр нэгж талбарын олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас эрсдэлээс сэргийлж суурьших шаардлагыг үл тоон амьдарсаар олон жил болж байгааг онцолжээ.



Шударга мэдээ
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Татварын багц хуулийн шинэчлэлээр;
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.
- Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно.
- Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.
- Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
- Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.
- Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана.
Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг бууруулна
- Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.
- Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно.
- Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.
- Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээнэ.
- Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.
- Аж ахуйн нэгжийн гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.
Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжинэ.
- Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.
- Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.
- Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно.
- Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.
- Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ.
- Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.
Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ.
Шударга мэдээ
Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Шударга мэдээ
Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 705 ам доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590₮ байна.
Харин Евро-5 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.
