Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

207 дугаар байрыг буулгаж, дахин барихаар санал солилцлоо

Огноо:

,

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор ажиллаж дүгнэлт гаргаж буй.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр энэ сарын 30-ны өдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 10-ны өдрийн захирамж гаргаж, барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс мэргэжлийн зөвлөх баг авч, тухайн барилга байгууламжийн нүүрсхүчлийн хий бетон арматурт хэрхэн нөлөөлсөн талаарх лабораторийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд барилгыг хүчитгэхээр зэврэл үүсэх магадлалтай гэж гарсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын холбоод руу газар хөдлөлтөд тэсвэртэйг шалгах  тооцоо, хүчитгэлийн тооцоог хийх хүсэлт ирүүлсэн ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй байна. Улсын онцгой комиссын дүгнэлтээр дээрх барилгад хүчитгэл болоод урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан. Энэ асуудалтай холбогдуулан бид Барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог гаргаад байна. Барилгыг буулгалгүй хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсож байна” гэдгийг хохирогчдод танилцууллаа.

Оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд түрээсийн хугацаа ирэх 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Хэрэв барилгыг нурааж, дахин шинээр баривал оршин суугчид үргэлжлүүлэн түрээсийн байранд амьдрах болно. Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх юм.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан. Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, дахиж шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ гэв.

Оршин суугчдын зүгээс барилгыг нураах болон шинээр барих компанийн талаарх мэдээлэл, хэдий хэр хугацаанд ажил гүйцэтгэх талаарх мэдээллийг тухай бүрт авч байхыг хүссэн юм.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох