Цаг үе
Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аян үргэлжилж байна
Төрийн банк 15 жилийн ойгоо тохиолдуулан нийт харилцагчдынхаа дунд Гялсбанкны урамшуулалт аяныг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал зарлаад байгаа билээ. Тус аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан хийсэн 3 гүйлгээ тутам 1 сугалааны эрх идэвхжих бөгөөд сар бүр тохирол явуулан iPhone15 Pro Max гар утасны эзнийг тодруулж байгаа юм.
Гялсбанкны урамшуулалт аяны азтанууд Монгол орны өнцөг булан бүрээс тодорч, урамшууллыг харилцагчдад гардуулан өглөө.
2024 оны 5 дугаар сарын тохирлын азтан С.Гэрэлтуяа:
Төрийн банкны урамшуулалт аяны азтанаар тодорч iPhone15 Pro Max гар утасны эзэн болсондоо маш их баяртай байна. Миний хувьд Төрийн банкаар дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг авдаг бөгөөд сүүлийн үед заавал салбар дээр очихгүй гар утсаараа бүх төлбөр тооцоогоо шуурхай хийх боломжтой болсон нь Гялсбанк үйлчилгээг сонгох шалтгаан юм. Төрийн банкны хамт олондоо ажлын амжилт хүсье.
2024 оны 6 дугаар сарын тохирлын азтан Д. Содончимэг:
Би Төрийн банканд анх 2018 онд Хүүхдийн хадгаламж нээлгэн харилцагч болж байв. Интернэт банкны үйлчилгээг өдөр тутамдаа ашигладаг. Шинэчлэгдсэн хувилбар нь хэрэглэхэд хялбар, өнгө үзэмж сайтай, гүйлгээ хийхэд хурдан болсон нь таалагдаж байгаа. Гялсбанкны харилцагчдынхаа дунд Төрийн банкнаас ийм гоё аян зарлаж, азтан болсондоо маш их баярлаж байна.
Орчин үед банкны үйлчилгээг цахимаар авах нь цагийг хэмнэж, ашиггүй зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байдлыг дэмжих шалгарсан арга болоод байгаа юм. Иймд Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээг харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулж 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн банкны салбар, тооцооны төвөөс авдаг үйлчилгээг цахимжуулсаар байна.
Урамшуулалт аян 2024 оныг дуустал үргэлжлэн сар бүр азтай харилцагчийг Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгаруулна. Дараах нөхцөлүүдийг биелүүлсэн Гялсбанк үйлчилгээний шинэ болон тогтмол харилцагч бүхэнд дараагийн iPhone15 Pro Max утасны эзэн болох боломж нээлттэй хэвээр байна. Үүнд:
• Гялсбанкаар 3 удаа гүйлгээ хийсэн байх
• State Bank of Mongolia (Төрийн банк) хуудсанд #Like дарсан байх
• https://www.instagram.com/statebankmn/ инстаграм хаягийг #Follow хийх
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгууд болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2021/02/19
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн уулзалт боллоо
-
Цаг үе2023/10/04
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
-
Цаг үе2025/04/11
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт га...
-
Цаг үе2024/02/16
Цасны нурангид дарагдсан хоёр малчны нэгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
