Үзэл бодол
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр болов. Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе учраас Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Цаашид төсвийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2025 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.
Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.
Үзэл бодол
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.
Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Үзэл бодол
Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр мэдээллийн сан үүсгэж цахим үйлчилгээ, хяналт, тайлан мэдээ, судалгаа шинжилгээний гэсэн нийтлэг зорилгоор өгөгдлийн сангийн 69 хувь нь статистик мэдээлэл нэгтгэн гаргахад, 72 хувь нь боловсруулалт, дүн шинжилгээ хийхэд, 39 хувь нь шийдвэр гаргах буюу бодлогын түвшинд ашигладаг.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа хамтран төрөлжсөн мэдээллийн сангуудаас цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, мэдээллийг нэгтгэн харах боломж бүхий нэгдсэн хяналтын самбар /дашбоард/-ыг хөгжүүлж, нийт 24 бүлэг, 254 үзүүлэлт бүхий тоон мэдээллийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар найман төрлийн 59 өгөгдлийн багцыг е-Cabinet системд харуулахад бэлэн болоод байна. Үүнд: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, татвар төлөлт, халамжийн төрөл, иргэдийн худалдан авах чадавх, экспортын хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээ зэрэг мэдээллээр газрын зураг дээр аймаг, сум, багийн түвшинд жил, улирал, сар, өдрөөр нэгтгэн харж дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Цаашид их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нэгдсэн хяналтын самбарт 2024 онд 17 бүлэг, 105 үзүүлэлт бүхий мэдээллийг, 2025 онд найман бүлэг 89 үзүүлэлт бүхий мэдээллийг нэгтгэж, ашигласнаар Засгийн газрийн гишүүд өгөгдөл мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргахад дэмжлэг болно.Мөн Засгийн газрын үйл ажиллааны биелэлт, үр дүнг цахим хэлбэрт шилжүүлэн тоон үзүүлэлтэд суурилан дүгнэх тогтолцоо руу шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.
Танилцуулгатай холбогдуулан хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулах мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэх, бусад төрөлжсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулж, боловсруулалт хийх, дашбоардыг “Засгийн газрын хуралдааны цахим систем /e-Cabinet/”-д холбож, Засгийн газрын гишүүд танилцах боломжоор хангах, хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд бүрдүүлсэн, төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол нийлүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.