Шударга мэдээ
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх дулааны 2а магистралийг өргөтгөн шинэчилж байна
Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байна.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Эрчим хүчний яамны дэргэдэх "Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр нар тус байршилд ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү гүйцэтгэгч компанид есдүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болгов.
“Рутан” ХХК-ийн захирал П.Бямбабаатар "Газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэн. Манай ажилчид зарим тохиолдолд гараар ухаж, магистрал шугамд таарсан аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хичээж ажиллаж байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд хонгилын систем хийж байгаа учир газар доорх зогсолтгүйгээр үргэлжилж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээг одоо байгаагаас илүү олон улсын стандартад нийцүүлэх гэж хийж байгаа өргөн хэмжээний ажил гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна" гэв.
Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 950 метр хос шугамыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй. Бид тендерийг хоёр жилийн өмнөөс зарлаж, энэ жилээс ажлаа эхлүүлсэн. Зуны богино сарын хугацаанд хотын төвийн А бүсэд 30-60 жилийн насжилттай шугамыг бүрэн шинэчлэх ажилд хүндрэл бэрхшээл багагүй учирч байна. Гэсэн хэдий ч хугацаандаа амжиж дулаанаа өгөхөөр хичээж ажиллаж байна” гэлээ.

Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

