Үзэл бодол
Б.Одбаяр: Бродюрын эвдрэл гадны нөлөөтэй механик эвдрэл байсан
Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр нь үүрч эвдэрч байгаа гэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна уу? Яагаад эвдэрсэн юм бэ?
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
-Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрч үүрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг шалгаж үзэхэд гаднын нөлөөгөөр эвдрэлд орсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бродюр эвдэрсэн учраас бид цагдаагийн байгууллагаар шалгуулж буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.
-Авто замын бродюрыг шинэчлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан аваагүй гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?
-2023 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болоод бродюр үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж бродюр нийлүүлэх тоо хэмжээ, зах зээлийн үнэ ханшийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байдаг. Бродюр үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Минжит Булган” ХХК 35 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дээрх компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлэхэд их хэмжээний бродюр худалдах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Бидний зүгээс дээрх компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж дотоодоосоо бродюр авах зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Харамсалтай нь шинэ тоног төхөөрөмжөө угсарч дууссан ч бидний эрэлтийг хангахуйц их хэмжээний бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Тиймээс бид БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч солиод байгаа.

-Авто замын ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийсэн гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Зам засварын ажлын дараалал гэж бий. Авто замыг засварлахдаа асфальт хийж 8 см зузаан хучилт хийдэг. Түүний өмнө бродюр, ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөх шаардлага гардаг. Хучилт хийхээс өмнө ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөөгүй үед засварын дараа таг доошилж хонхойлт үүсдэг. Тиймээс бид хучилтын зузаантай зэрэгцүүлж тагийг өндөрлөдөг. Гэвч энэ ажлыг иргэд олон нийт ойлгохгүй таг нь замаасаа өндөр байна гэж шүүмжилсэн. Бид замаа засах гэж байгаа учраас л тухайн авто замын таг, бродюрыг өндөрлөөд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.
Бас энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан авто замын бүтээн байгуулалтын ажил болоод бродюрын асуудлаар олон нийтийн сүлжээнд янз бүрийн худал мэдээлэл гарч байна. Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авч байхыг хүсье. Авто замын засвар шинэчлэлтэй холбоотой асуудалд бид иргэдэд үргэлж нээлттэй мэдээллийг хүргэж байгаа. Дээрх худал мэдээллүүд ажил гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс та бүхэн мэдээлэлд цензуртэй хандахыг уриалж байна.

-Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд бродюр солих нэрээр мөнгө угааж байна гэх мэдээлэл тархсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
“Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр
-Манай байгууллага СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Тендерт оролцоход захиалагч талаас нэг ширхэг бродюрын үнийг тогтоож зарласан байдаг учраас бид үнийн саналтай танилцаж тендерт оролцсон. Бидний зүгээс бусад авто замын компанийн нэгэн адил БНХАУ-д үйлдвэрлэдэг чулуун бродюрыг худалдан авч авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын хэлж байгаачлан дотоодын бродюр үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн учраас бид БНХАУ-аас бродюр худалдан авч засварын ажлыг хийж байгаа юм.
-Энэ жил анх удаа чулуун бродюрыг ашиглаж байна. Чанарын баталгаа яаж гарах вэ?
-Авто замын шинэчлэлд нэг жилийн баталгаат хугацаа, шинэ зам барихад гурван жилийн чанарын баталгаат хугацаа өгдөг. Бид энэ хугацаанд барьцаа хөрөнгөө байршуулаад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр засаад явдаг.
-Яагаад бетон биш чулуун бродюрыг сонгох болов?
-Бетон бродюрыг 3-4 жил ашиглаад дахин сольдог. Цас их орсон үед давс, бодист идэгдээд амархан мууддаг. Гэтэл чулуун бродюрын тухайд бодист идэмхий, уусаж эвдрэхгүй учраас олон жилийн насжилттай. Тэгэхээр бетон бродюрыг олон дахин солих нь эдийн засагт үр өгөөжгүй. Нэг үгээр насжилт өндөртэй учраас л чулуун бродюрыг ашиглаад байгаа юм.
-Авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд яагаад заавал бродюрыг зэрэг сольдог юм бэ. Үүнээс болж мөнгө угаалт явагдлаа гэх иргэдийн хардлага төрж байна?
-Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольдог. Нөгөөтээгүүр 4 жил тутам бродюрыг солих, 20-30 жилд нэг удаа бродюр солих хоёрын аль нь ашигтай вэ. Бид эдийн засгийн үр өгөөжөө тооцож л бродюраа удаан эдэлгээтэй чанар сайтайгаар сольж байна шүү дээ.

Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2019/11/15
Иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага т...
-
Үзэл бодол2020/09/24
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийн хүргэн Т.Энхболд бол халаасны хулгайч
-
Цаг үе2023/04/10
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2023/10/11
Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна
