Улстөр нийгэм
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг оруулан шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс эхний байдлаар боловсруулсан саналыг яам болон харьяа нэгжүүдийн хурлаар хэлэлцлээ.
Одоогоор хэрэгжиж буй гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдын тоог цөөлж, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэдэг байхаар саналд тусгасан байна. Мөн багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Урьдчилсан байдлаар бэлтгэсэн дээрх өөрчлөлтөд олон талын саналыг тусгаж, оновчтой шийдэл гаргахын тулд шаардлагатай төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг сайтар боловсруулахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй явцын талаар товч танилцуулж, Засгийн газрын зүгээс Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох түншүүдтэй нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хэлэлцэх асуудал, дэвшүүлэх зорилт, хүрэх үр дүнтэй уялдаж байгааг онцлон дурдав.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийлж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талаар дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа нотлов гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээллээ.


Улстөр нийгэм
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.
Засгийн газраас төрийн байгууллага бүр тусдаа цахим хуудас хөгжүүлэх зардлыг бууруулах, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл төрийн байгууллагууд хууль заасан нээлттэй мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг нээлттэй мэдээллийн shilen.gov.mn систем-тэй уялдуулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг “Шилэн индекс”-ээр үнэлж байна.
Эдгээр журмаар төрийн байгууллагын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарт тогтоох, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизмыг тодорхой болгох, ил тод байдлын үнэлгээг цахим, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр журмыг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирч, ил тод, нээлттэй, шуурхай засаглалын суурь бэхжих юм.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бодлогын удирдамж, мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2025 оны долдугаар сард COP17 хурлын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллах болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.
Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.
Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцууллаа.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап Ван Хиердэн, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нью-Йорк дахь албаны захирал Ражеб Булхаруф болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Шударга мэдээ2022/01/28
Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ
-
Улстөр нийгэм2023/01/24
Авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
-
Улстөр нийгэм2024/01/09
Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна
-
Шударга мэдээ2020/09/21
Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
