Цаг үе
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад гэсэн зургаан дэд төвд авто зам, инженерийн дэд бүтцийг байгуулж, гэр хорооллыг барилгажуулж байна.

АХБ-ны Төв Баруун Азийн Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын захирал, хатагтай Жинмин Хуан, АХБ-ны Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов өнөөдөр Баянхошуу дэд төвийн төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс Баянхошуу, Шархад, Сэлбэ дэд төвд үндсэн шугам сүлжээг бүрэн гүйцэтгэжээ. Тиймээс “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Баянхошуу, Шархад дэд төвд барилгажуулалтын ажил ид явагдаж байна.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд зургаан дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн дэд төвийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгээд явж байна. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн төлөвлөсөн ажлууд бүрэн дуусгавар боллоо” гэсэн юм.

НОСК-иас Баянхошуу, Шархад дэд төв тус бүрд 5.5 га газрыг 2019 онд чөлөөлж өгсөн байна. Дээрх газруудад суурь судалгаа болон зураг төслийг боловсруулан дуусгаад, 2023 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжав “Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл. Монгол Улсад ногоон орон сууцыг бий болгосноор иргэдэд эрчим хүч, дулаан, усны хэмнэлт бий. Дулаан, цахилгааныг 25 хувиар хэмнэх боломж бүрдэнэ.” хэмээв.

Баянхошуу дэд төвд эхний ээлжинд 460 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдүгээ барилга угсралтын ажил эхлүүлжээ. Энэ онд дөрвөн блок буюу 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үлдсэнийг нь 2025 онд дуусгавар болгох аж. Шархад дэд төвд мөн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Дэд төвийн бүс дэх айл өрхүүд газраа орон сууцаар солих юм. Тухайлбал, Баянхошуу дэд төвд нийт 2200 орон сууцыг барилгажуулахаар газар чөлөөлөлт явагдана.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

