Шударга мэдээ
Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль хийлээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-тай хамтран “Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль”-ийг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Дадлага сургуулийг гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.
Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчин, албан хаагчид оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүллээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Шударга мэдээ
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг өнөөдөр зохион байгуулна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны зургаадугаар сарын 29ний өдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаарх УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба түрүү долоо хоногт бэлтгэлээ бүрэн хангасан гэж хариуллаа. Гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэнээр тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь хоёр заалттай. Манай улс хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй 30 орчим хуультай. Гэхдээ эдгээрийг нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоогоор хангах шаардлага үүссэн. Тогтвортой хөгжүүлэхийн тулд төрөлжүүлж, бие даасан бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүний асуултад хууль санаачлагч гишүүн М.Мандхай хариулахдаа сонгуулийн мөчлөгөөр хэмжих боломжгүй, урт хугацааны төлөвлөлтөөр хөгжих учиртай салбарын онцлогийг тайлбарласан юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй томьёолол бүхий нэг санал гаргасныг хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийг дэмжиж байгааг илэрхийлээд, Тосон уул дахь талбайгаас авах хэмжээг ижил тогтоох санал гаргасан хэмээв. Тэдний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Жавхлан, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, А.Ундраа, Д.Үүрийнтуяа нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/03/17
Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ
-
Цаг үе2022/11/11
БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд!
-
Улстөр нийгэм2022/11/03
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2020/12/16
Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг...
