Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хэмнэлттэй хэрэглээ-Ногоон орон сууц

Огноо:

,

Төмөр бетон каркастай, блокон дүүргэлттэй энэхүү орон сууцны  талбайн хэмжээ нь 35-57 ам.метр бүхий 2-3 өрөөтэйгөөр зохион байгуулжээ. Гал тогоо тусдаа байрлалтай бөгөөд байгалийн болон бусад өрөөний гэрэл нэвтрэх зохион байгуулалттай.  Тухайн өрх орон сууцаа худалдан аваад дотор зохион байгуулалтаа өөрчилж болох шийдэлтэйгээр барьжээ.

Барилгын  материалууд хүлэмжийн хийг бууруулсан,  битүүмжлэл сайтай, дулаан алдагдал багатай, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан нарны зайн хавтанг суурилуулжээ. Галд тэсвэртэй, ус нэвтрүүлдэггүй, хаягдал шилийг дахин боловсруулсан хөөмөл шилэн дулаалгын материалыг ашиглаж байна.

Ингэснээр байгалийн эрчим хүчийг ашиглаж,  дулааны хэрэглээг хангах аж.   Эрчим хүчийг хэмнэсэн төхөөрөмжийг суурилуулж, байгалийн гэрлийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Барилгын дулаан алдагдлыг бууруулахын тулд гурван давхар шиллэгээтэй, Low-e түрхлэгтэй нарны  хэт ягаан болон улаан туяанаас хамгаалсан шилтэй цонх суурилуулжээ.  Цэвэр модон паркетин шал, керамик плита гээд заслын материалууд ч дулаан хэмнэнэ.

Орон сууцны гаднах орчин ногоон байгууламжтай, явган хүний болон дугуйн замтай. Хүүхэд болон иргэдийн амарч, зугаалах талбайтай. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлтийг мөн тусгаж өгсөн байна.  Оршин суугчид хатуу хог хаягдлаа барилга дотроо хаях тусдаа байгууламжтай бол нойтон хог хаягдлыг гадна талд нь хаяхаар ангилжээ. Усаа хэмнэх автомат тохируулгатай  төхөөрөмж суурилуулсан байна. Борооны ус хуримтлуулж ногоон байгууламж, хүлэмждээ ашиглах гэнэ.

Ойролцоох 500 метр радиуст сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, бизнес инкубатр төвтэй. Судалгаагаар дээрх радиуст цэцэрлэг байгаагүй аж. Тиймээс чөлөөлсөн газраасаа тусгайлан авч, цэцэрлэг байгуулахаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлжээ.  Өнөөдөр цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох юм байна. Дээрх төлөвлөлтийг хийхдээ тухайн хорооны иргэдээр хэлэлцүүлэг явуулж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.

Энэхүү орон сууц ашиглалтад орсноор  иргэдэд сар бүрийн хэрэглээнээсээ эрчим хүч, дулаан, усны зардлыг хэмнэнэ. Судалгаагаар эрчим хүч, дулаан, усны хэрэглээг 20 хувиар хэмнэх тооцоо гарчээ.

Энэ бүхнийг өрхийн орлогод нийцсэн төлөвлөлтэй орон сууц гэж олон улсад нэрлэдэг байна. Нийгмийн зорилтот хэсэгт чиглэсэн, хямд өртөгтэй орон сууцыг “Өрхийн орлогод нийцсэн орон сууц” гэдэг  бидний нийтлэг ойлголт ташаа байсныг энэхүү ногоон орон сууц харуулж байна.

 

 

Энэ бол Гэр хорооллыг хөгжүүлэх ногоон орон сууц төсөл. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилт  тавьсан. Энэ хүрээнд АХБ-ны санхүүжилтээр зургаан дэд төвийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар зургаан дэд төвөөс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, орон сууцжуулах барилгын ажил явагдаж байна. Дамбадаржаа, Толгойт, Шархад, Дэнжийн 1000 дэд төвийн ажил үргэлжлэн явагдаж байна.

Ногоон орон сууц төслийн хүрээнд нийтдээ 5000 айлын орон сууцыг 2027 он хүртэл барьж дуусгах юм. Дэд бүтэц нь бэлэн болсон  талбар дээр Ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

АХБ-ны  санхүүжилтээр НЗДТГ-ын  хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Баянхошуу болон Шархад төвүүдэд нийт 800 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг 2023–2025 онуудад хийж гүйцэтгэнэ.

Баянхошуу, Шархад дэд төвд эхний 220 айлын  ногоон орон сууц 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно

Өнөөдөр барилгын бүтээн байгуулалт нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвд өрнөж байна. Эхний ээлжийн тус бүр 110 айлын, дөрвөөс таван давхар орон сууц энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.

Баянхошуу дэд төвд Ногоон орон сууц төслийн хүрээнд таван  га газрын чөлөөлөлт хийж, дэд бүтцийн ажлыг бүрэн хийжээ. Газрыг орон сууцаар солих хүрээнд  чөлөөлсөн айлуудыг “Буянт-Ухаа2” хороололд орон сууцад оруулсан байна.

Эдүгээ чөлөөлсөн газарт 13 блок 462 өрх айлын орон сууцны барилга угсралтын ажил 37 хувьтай  хэрэгжиж байгаа юм. Үүнээс эхний дөрвөн блок, зоорьтой дөрвөн давхар орон сууцыг 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Мөн гурван блок орон сууцны барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд дахин таван блок орон сууцны барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байгаа аж. Дээрх орон сууцыг барьж дуусгаад газраа орон сууцаар солих өрхүүдийг оруулах гэнэ.  Дараагийн 20га талбайд баригдах 4188 айлын орон сууцыг барихад иргэд газраа чөлөөлж, Ногоон орон сууцад  шилжих юм.

Шархад дэд төвд Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийн хүрээнд  5.6 га газрыг чөлөөлж, айлууд газраа орон сууцаар сольжээ.  Үүний 3.8 га-д нь  есөн блок 338 айлын орон сууц, нэг блок үйлчилгээний төвийн барилга  барьж байгаа аж. Үүнээс 110 айлын орон  сууцны барилгыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм.

Шархад дэд төвд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн нэг “Нутгийн буян” компанийн төслийн менежер Д.Доржхорол “Манай компани Шархад дэд төвийг түшиглэн баригдаж байгаа Ногоон орон сууц төслийн хүрээнд нийт дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 65 хувьтай явж байна. Барилгаа 2024 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгнө.

Энэ барилгын технологийн онцлог нь нарны эх үүсвэртэй. Энэ нь 100 хувь эрчим хүчээр хангадаг барилгын нийт 20 хувийг дотоод эх үүсвэрээрээ хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт гарч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна.

Мөн фасадны материал нь дахин боловсруулсан хөөмөл шилэн дулаалгатай. Байгаль дээр хаягдал болж байгаа материалыг дахин ашигласнаар экологийн хувьд зөв зохицуулалттай байгаа юм. Үйлчилгээний төв болон цонхоо сүүлийн үеийн технологи бүхий шилээр шиллэсэн нь барилгын дулаан алдагдлаас сэргийлнэ. Ингэснээр дулааны зардал багасаж, иргэдэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж байна.

Орон сууцны айлд ашиглалтын зардал байнга гардаг. Үүнийг сар, жилээр тооцвол өндөр тоо гарна. Харин энэ ногоон орон сууцны тухайд эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй төлөвлөж барьснаас тухайн айлын ашиглалтын зардал буурна. Тиймээс амьжиргаанд нь нөлөөлж, сарын орлогоос тодорхой хэмжээний хэмнэлт гарч  орлогод нийцсэн орон сууц гэж болж байна” гэлээ.

 

 

П.Сүрэнжав: Гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлон байхгүй болно

Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжавтай ярилцлаа.

-Энэ төсөл хэдэн оноос эхэлж хэрэгжсэн бэ?

-Манай төсөл 2020 оноос эхэлж, зураг төсөл, ТЭЗҮ-ээ боловсруулсан.  2023 онд хэлэлцүүлэг хийж, мөн оны наймдугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн. Уур амьсгалын ногоон сан, АХБ-наас санхүүжилттэй. Тиймээс Уур амьсгалын ногоон сангаас тавигддаг шаардлагын дагуу ажлаа гүйцэтгэж байна.

-Ногоон барилга барихад тодорхой дүрэм, журам байдаг уу?

-Бид олон улсын нормаар, Монголын стандартаа баримтлан гүйцэтгэж байна.  Ногоон барилгын техник, дүрмийг боловсруулсан. Бид ногоон барилгын дүрэм боловсруулж, саналаа БХБЯ-нд хүргүүлээд байна. Ногоон барилгын EDGE сертификат олгох сургалтыг  дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. 2021 онд 51 хүнд сургалт зохион байгуулснаас гурван эксперт төрсөн. Одоогийн байдлаар нийтдээ 143 хүнд сургалт зохион байгуулж байна. Цаашдаа ч сургалтаа зохион байгуулна. Төслийн барилга угсралтаар сард 3500 ажлын байр бий болж байна.

-Хэмнэлтийг хэрхэн тооцож гаргасан бэ?

-Улаанбаатар хотын орон сууцны нэг жилд  нэг ам.метрт  235 квт/жил ашигладаг. Үүнийг бид 150квт/жил болгоно. Энэ хүрээнд бүх тооцооллыг хийсэн. Гэр хороололд амины орон сууцад ашигладаг жилийн хэрэглээ нь 368 квт/жил байдаг. Үүнийг бид 50 хувь хэмнэх шаардлагатай.

5000 айлын ногоон орон сууц бариад нэг жил ашиглахад 12 сая квт-ын эрчим хүч хэмнэнэ. Нэг жилийн хугацаанд 5.4 сая литр ус, 30 сая квт дулаан тус тус хэмнэнэ.

Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл. Баянхошуу, Шархад дэд төв ногоон орон сууцны анхны загвар. Энэ нь чанарын өндөр шаардлага хангасан байх юм.

-Ногоон орон сууц төслөөр агаарын бохирдол ямар хэмжээтэй буурах вэ?

-5000 айлын ногоон орон сууц баригдсанаар  нэг жил 142 746 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлон байхгүй болно.

-Хотхоны төлөвлөлт ногоон байгууламжид суурилжээ. Амьдралын чанар хэр сайжрах вэ?

-Амьдралын чанар талаасаа 120 мянган ам.метр ногоон байгууламж,  16.4 км унадаг дугуйн зам, 39.2 км явган зам талбай, 3800 авто зогсоол бий болох юм. Иргэдийг орон сууцжуулаад амьдрах орчныг сайжруулах юм.

 

 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан

Огноо:

,

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.

Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.

Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн.

Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ

Огноо:

,

Өнөөдөр өглөө Энхтайваны гүүр орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Энхтайваны гүүрнээс автомашинтайгаа унасан нь тогтоогджээ. Жолоочийн согтолтын хэмжээ 1.38 промилль байсан талаар мэдээлсэн байна.

Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.


ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн жолоочийн төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.

- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ согтуугаар жолоо барихгүй байхыг сануул
- Такси, нийтийн тээвэр эсвэл жолоо барих боломжтой хүнийг сонго
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаал

Нэг буруу шийдвэр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хэмжигдэх нөхөж баршгүй хохирол дагуулдаг. Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцъё.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох