Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.

Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Огноо:

,

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.

Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.

Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул  улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд  хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.

Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа  бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.

Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.

Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох