Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг энэ сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 01 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болсон билээ. Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласан.
“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр онцолсон. Энэ хугацаанд Монгол улс урт, дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Ардчиллын олон чухал үзүүлэлтүүд нутагшсан зэрэг эерэг үр дүн олон байгаа ч баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол улсын нэгдмэл үнэт зүйлст эрсдэл учирч, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарсан байгаа нь бид “ХҮН”-ээ өнгөрсөн 30 жил орхигдуулсантай холбоотой. Тиймээс 2050 он хүртэлх дараагийн 30 жилийн хөгжлийн бодлогодоо үүнийг чухалчилж тусгайлсан бүлэг болгож оруулсан гэх зэргээр төслийг дэлгэрэнгүй танилцуулав.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.

Одоо энэхүү “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учир аймаг, нийслэлийн удирдлагууд сайтар танилцаж, өөр өөрсдийн орон нутгийн онцлог, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ санаа, бодлыг сайтар тусгуулах шаардлагатай гэдгийг ч тодотгов. Мөн аймаг бүр алсын хараагаа тодорхойлж, нутаг, нутгийн онцлог, хөгжиж болох шийдлүүдээ оновчтой гаргаж ирэх нь чухал гэдгийг аймаг, нийслэлийн удирдлагуудад чиглэл болголоо. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстойг онцолсон. Ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан байгаа “Бүсчилсэн хөгжил”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн зорилтуудад аймгийн дарга нар онцгой анхаарч, санал, шүүмжлэлээ заавал ирүүлэхийг үүрэг болгосон юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Одоогийн байдлаар 14 аймаг энэхүү бодлогын баримт бичигт тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн байна. Аймаг, сум бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүн дээрээ тулгуурлаж л хөгжлөө тодорхойлох ёстой. Мөнгө, эдийн засаг гэж бид 30 жил явсан. Харамсалтай нь энэ хугацаанд хүнээ орхигдуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь ядуу байна. Тийм учраас аль нэг нам гэлгүйгээр бид нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэх цаг болжээ. “Монгол улс” гэсэн нэг л завин дээр хамт яваа гэдгээ байнга санаж, ирэх 30 жилээ одооноос тодорхойлох ёстой.
“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй” гэдэг үгийг хаана, хаанаа сайтар ойлгож, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол өнөөдрийн Монголыг дэлхий мэдэхгүй байна. Зөвхөн Чингис хаанаар төсөөлөх төдийхөн байгаа нь өнөөг хүртэл тодорхой бодлогогүй, зорилгогүй, нэгдмэл байж чадаагүй бидний л буруу. Өнөөдрийн бид 2050 он гэхэд байх үгүй нь хамаагүй. Бидний үр хүүхэд тэр үед энэ улсад амьдарна, Монгол улс, үндэстэн оршин тогтнох ёстой шүү дээ. Бид зөвхөн өнөөдрөө харж амьдармааргүй байна. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн утга учир ч үүнд чиглэж байгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш. Өнгөрснөө дүгнэж, түүндээ суурилж салбар салбарын алдаа, оноог тал талаас ярилцаж, ирээдүйн алсын хараа, зорилтоо тодорхойлсон төлөвлөлт юм. Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно.” гэлээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
