Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

Огноо:

,

Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар баталлаа.
 
Засгийн газар "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
 
Мөн 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримтлав.
 
Тухайлбал, 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна. Мөн бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгав.
 
Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна.
 
Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа.
 
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байна. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
 
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар дээрх тогтоолын төсөлд тусгажээ.
 
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.

Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл нар оролцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ. 

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.

166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Энэ бол эхлэл. Засгийн газар зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгааг Ерөнхий сайд хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Огноо:

,

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.

Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.

Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.

Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.

Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.

Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.

Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.

Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе17 цаг 30 минут

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Улстөр нийгэм17 цаг 56 минут

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Шударга мэдээ18 цаг 5 минут

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Шударга мэдээ18 цаг 13 минут

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Улстөр нийгэм18 цаг 21 минут

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Улстөр нийгэм18 цаг 29 минут

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Улстөр нийгэм18 цаг 33 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Улстөр нийгэм2026/10/21

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Санал болгох