Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл ашиглалтад орно

Огноо:

,

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Э.Сансар, Олон талт хамт ажиллагааны тасгийн төсөл хөтөлбөр, дотоод хамтын ажиллагаа хариуцсан референт Л.Мөнхтулга нарын бүрэлдэхүүн Нийгмийн хамгааллын тусгай төвийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
 
Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 417 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, түр хоноглох байраар хангаж, нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан тусгай статустай, төрийн үйлчилгээний байгууллага юм.
 
Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, хорихоос суллагдсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь тусалж, дэмжин бичиг баримтжуулах, эрүүл мэнд, сэтгэл зүй, сургалт, соёл хүмүүжлийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг 12 үйлчилгээ үзүүлдэг байна.
 
Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай, үүний 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тус иргэдийн архинд донтох болсон гол шалтгааны нэг нь гэр бүл салалт гэдэг нь судалгаагаар гарсан. Тус төв жилд жилд дунджаар 450-500 орчим иргэн хүлээн авдаг бөгөөд 25 орчим хувь нь бие даасан амьдралд шилждэг байна.
 
Комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус төвд ажиллахаар үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн XX хороо, Майхантын аманд төвийн өргөтгөлийн байрыг 2024 онд шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг онцлон хэлж байв.
 
Цаашид орон гэргүй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, нэгдсэн нэг бодлогоор дэмжих зэрэг санал хүсэлтийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хүлээн авч, хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар холбогдох мэдээллийг өгч ажиллалаа гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. 

Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.

М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.

Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.

Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. 

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна. 

Тус тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны
нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

2026 оны хаврын улирлын нөөцийн мах бэлтгэлд есөн аж ахуйн нэгж 5016,5 тн мах бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас  4864.5 тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэн нөөцөлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.

Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.

Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.

Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.

Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.

Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.

Токиод суугаа Элчин сайдын яам,Embassy of Mongolia in Tokyo:

Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047

Утас: 81 (3) 3469-2088

81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)

81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)

Факс: 81 (3) 3469 2216

Цахим шуудан:tokyo@mfa.gov.mn

Шуурхай утас: +81 9033191397

Осакад суугаа Ерөнхий консулын газар,Consulate-General of Mongolia in Osaka:

Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG

1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059

Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574

Цахим шуудан:osaka@mfa.gov.mn

Шуурхай утас: +81 649632572

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох