Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав

Огноо:

,

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцав.

Тус дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын эхэнд дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилж, энэ дагуу Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байна” хэмээгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хүндэтгэлийн хуралдаан тэргүүтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байгаа талаар, Хүний эрхийн олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг эрхэлдэг. Энэ чиг үүргийнхээ дагуу Хүний эрхийн Үндэсний Комисстой нягт хамтран, уялдаатай ажилладаг онцлогтойг С.Эрдэнэболд дарга дурдаад өнөөгийн байдлаар Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөхөөр энэхүү уулзалтыг төлөвлөн, зохион байгуулж байгаа гэв.

Ийнхүү уулзалт эхэлж, тус Комиссын бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцууллаа. Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээсээ гадна Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн давхардал их байгааг танилцуулж, анхаарах шаардлагын талаар танилцуулсан. Комиссын гишүүд цар тахлын дараахан буюу 2020 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар зургуулаа томилогдож байсан бөгөөд тухайн үеэс хойш иргэдээс ирүүлсэн санал гомдол, түүний мөрөөр болон гишүүдийн санаачилгаар хийсэн хяналт, шалгалт, 2021-2024 оны үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тус Комисс үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийг танилцуулсан бөгөөд энэ хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар илтгэдэг. Нэгтгэн дүгнэхэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийн асуудлыг 23 удаа буюу илтгэл бүр дээр хөндсөн байна. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн талаар 17 илтгэлд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн талаар 19 илтгэлд дурдагддаг байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал, иргэний болон улс төрийн эрхийн талаар Монгол Улс анхаарал хандуулах шаардлагатай хэмээв.  

Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт дурдагддаг 10 бүлэг буюу гомдол гаргах боломж хомс, гачигдалд өртдөг, оршин байгаа газрынхаа хувьд, эсхүл боловсролын түвшний хувьд гэх зэрэг нөхцөл байдлаасаа шалтгаалаад гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах чадваргүй бүлгийг анхаарч ажиллахын зэрэгцээ өөрсдийн зүгээс сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч; хүний эрх хамгаалагч; хэлний цөөнхийн асуудалд онцгой анхаарч ажилладаг гэв.

Үргэлжлүүлэн Д.Сүнжид дарга Комиссын бүтэц, орон тооны талаар болон чадавхыг бэхжүүлэх шаардлага, түүнчлэн стратеги зорилтууд, бүс нутгийн болон олон улсын түвшний хамтын ажиллагааны талаар танилцуулж, уулзалтад оролцогчид энэ хүрээнд тодруулга хийж, санал солилцлоо.

Дараа нь Комиссын гишүүн бүр тус тусын үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулсан юм.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн асуудлаар иргэд гол төлөв ханддаг байна. Тулгамдаж буй асуудал нь ажилгүйдэл, ядуурал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил, боловсролын хүртээмж, чанар болон нийгмийн үйлчилгээний асуудал бөгөөд эдгээрийг нэгтгэвэл нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч байгаа гэв. Иймд Засгийн газар, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс болон шийдвэр гаргах бүх түвшиндээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах ёстой гэдгийг Д.Сүнжид дарга тэмдэглэлээ.

Комиссын гишүүн Х.Мөнхзул илтгэлийнхээ эхэнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин, тогтолцоо бүрдсэн ч хуулийн хэрэгжилт сул байгааг танилцуулсан. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг дурдаж, онцолж анхаарах шаардлага байгааг танилцуулсан. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулж буй хариуцлага гэр бүлийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцэхгүй, үр дүнгүй, оновчгүй байгаагийн зэрэгцээ холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгадаггүй зэрэг шалтгааныг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд оногдуулж буй хариуцлагыг оновчтой болгож өөрчлөх, шаталсан хариуцлагын тогтолцоог бий болгох хувилбаруудыг танилцуулсан юм. Комиссын гишүүн Х.Мөнхзул, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мөн танилцууллаа. Цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байгааг тэмдэглэсэн. Технологийн хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж, шинэ хэлбэрүүдийг бий болгож байгааг хэлээд 2022, 2023 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд “цахим дарамт (цахим дээрэлхэлт гэх мэт)”-д өртөж байгаагаа мэдээлж, бүртгүүлсэн тоо баримтыг танилцуулав. Манай улсын хуульд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх нэр томьёонууд тусгагдаагүй, нарийвчлан тодорхойлоогүйгээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших, үргэлжлүүлэн хүмүүсийг хохироох шалтгаан, нөхцлийг бүрдүүлдэг гэв.

Хүүхдийн эрх, хамгааллын талаар Комиссын гишүүн Ж.Хунан, Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлын талаар Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийн 16-д хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байдаг бөгөөд хүүхдийн тодорхой эрхүүдийг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд ахиц гарц байгаа талаар дурдсан. Комисст ирэх хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, өргөдлийн тоо нэмэгдэж байгаа гэв. Үргэлжлүүлэн энэ хүрээнд хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулж, сургалт, судалгаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэл дэх холбогдох агуулга, зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр 2023 онд Комисс, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран явуулсан нээлттэй хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэн тэргүүнд хүүхэд хамгааллын чиглэлээрх төсөв, хөрөнгийг шаардлагатай хэмжээнд хуваарилдаггүй, мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч тэргүүтэй хүний нөөцийн хомсдол нь хүүхдийн эрхийн зөрчлийн суурь шалтгаан болдог байна. Түүнчлэн бүртгэл, хяналт хангалтгүй, нийтээрээ хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарал хандуулдаггүй, зам тээврийн осол бол бас гэмт хэргийн улмаас нас барж байгаа хүүхдийн тоо, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо ноцтой түвшинд байгааг Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах асуудлыг орхигдуулсан цөөнгүй жишээг тэрбээр дурдаад, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх шаардлагын талаар танилцуулсан.

Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулгынхаа хүрээнд хууль сахиулах салбар дахь хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр ХЭҮК-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар, төрийн цэргийн байгууллага дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. Комисс 2020-2024 оны стратегийн баримт бичигтээ хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлж, холбогдох арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гэв. Энэ хүрээнд Хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам болон практик хэрэглээг хүний эрхийн хандлагын үүднээс боловсронгуй болгох, ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургууль, Удирдлагын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн зарчимд нийцүүлэн дүн шинжилгээ хийсэн, үнэлэх аргачлал боловсруулсан, хөгжүүлэх, багш суралцагчдыг бэлтгэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрх, жендерийн тэгш байдлын сургалт зохион байгуулж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний шударгаар шүүлгэх эрхийн талаар мэдээлэл танилцуулж, ХЭҮК-ын хүлээн авч шийдвэрлэсэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл, тэдгээрийн дагуу хийсэн хяналт, шалгалтын талаар танилцуулав. Комисст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2021 онд 1188 гомдол, мэдээлэл ирүүлсний 123 буюу 10,3 хувь, 2022 онд 925 гомдол, мэдээлэл ирүүлсний 67 буюу 7,2 хувь, 2023 онд 685 гомдол, мэдээлэл ирүүлсний 57 буюу 8,3 хувь нь Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой байдаг байна. Цагдаагийн байгууллагын харьяа газар хэлтэст 2021 онд 25, 2022 онд 3 хяналт  шалгалт хийсэн бол 2023 онд 9 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 14 Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар Комиссын гишүүний 5 шаардлагыг хүргүүлжээ.

Комисс өнгөрсөн хугацаанд цэргийн дүрмийн бус харьцааны талаар хоёр удаа томоохон судалгаа хийж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2007 оны 6 дахь илтгэл, 2022 оны 21 дэх илтгэлд тус тус тусгажээ. Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг тусгаж, тодорхой санал зөвлөмж бүхий 8 удаагийн суурь судалгааг хийсэн байна. Төрийн цэргийн анги байгууллагад 133 удаа хяналт шалгалт зохион байгуулж илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 30 удаагийн 80 гаруй заалт бүхий шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.

Сүүлийн 3 жилийн байдлаар давхардсан тоогоор 3000 гаруй цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулж, тогтмол ажиллах үүрэг бүхий зэвсэгт хүчний 47 сургагч багшийг бэлтгэсэн гэв. Үргэлжлүүлэн Комиссын гишүүн Б.Энхболд хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа.

Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан.

Комиссын гишүүн бүрийн танилцуулгатай холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар асуулт асууж, холбогдох чиглэлээр санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох