Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсныг онцлов.


Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байна. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.
Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай. Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана.” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Төрийн тэргүүн сануулж байна гэв.
Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцоллоо. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар 126 гишүүнтэй парламент анх удаа алдагдалгүй төсвийг батлах, зээлжих зэрэглэлээ сайжруулах, төгрөгийн ханшийн уналтыг бага ч болтугай сааруулах боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хууль дээдлэх зарчмаа баримталж Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулж орон нутгууд төсөв боловсруулж өргөн мэдүүлдэг баталдаг, цаглаврыг эргэн харах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн урсгал зардлыг танах боломжтой бөгөөд Засгийн газрын оролцоотойгоор төсвөө засаж сайжруулах шаардлагатай гэв.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ашиггүй ажиллаж буй төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, хавдрын эмнэлгийг ашиглалтад оруулах асуудалд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар урсгал зардал болон шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танах, хууль баталснаас үүдэлтэй санхүүгийн эх үүсвэрийг нь тооцож байх талаар, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан макро орчны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг хязгаарлах чиглэлийг баримтлах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан заалтуудыг сэргээх, төсвийн алдагдалгүй байх хэмжээнд тэнцлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн үр ашиггүй бүтцийг олж хасвал үр дүнтэй байх талаар  санал хэлсэн.  

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 16  нь буюу 84.2 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Огноо:

,

Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт 412 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг ангид 46-аас дээш сурагчтай 77 сургууль бий. Хотхон, хорооллын тоо нэмэгдэж байгаа ч сургуулийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, бага болон ахлах сургуулийн зохион байгуулалтыг шинэчлэх замаар системтэй шийдвэрлэнэ.

"Оюуны Ундраа" сургууль нь нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудын нэг буюу өнөөдрийн байдлаар 4700 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх хичээлийн жилээс тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, дэргэдэх хүүхдийн тоо нь цөөрсөн цэцэрлэгийн байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглана. Харин одоогийн сургуулийн байрыг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулж, намраас сурагчдаа хүлээн авч эхэлнэ. “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажил тус сургуулиас эхэлж байна. Миний хувьд хүүхэд гэрээсээ хол, түгжрэл дунд сургуульдаа явах бус, боловсролын үйлчилгээ хүүхдийн гэрт ойр байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын нэг хэсэг юм. Сургууль, цэцэрлэгийг хүүхдийн амьдарч буй орчинд ойр байгуулснаар сурагчид хол зайд зорчих шаардлагагүй болж, өглөө, оройн оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ

Огноо:

,

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.

Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.

Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.

Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

 
2026.06.19 /Баасан гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
10

1. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай х уулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

3. Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн 2026.06.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

4. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17 - ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэ…

5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут…Төслийн PDF

6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

7. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

8. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуул ийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

9. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

10. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн /Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе8 цаг 21 минут

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Шударга мэдээ12 цаг 27 минут

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Улстөр нийгэм12 цаг 32 минут

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Улстөр нийгэм12 цаг 57 минут

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл...

Шударга мэдээ13 цагын өмнө

Сургалтын санхүүжилтийг хуурамч тайлангаар завшсан байж болзошгүй хэ...

Цаг үе13 цаг 4 минут

2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагата...

Улстөр нийгэм13 цаг 10 минут

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе13 цаг 18 минут

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Шударга мэдээ2026/06/18

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Цаг үе2026/06/18

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Санал болгох