Цаг үе
Дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Хорин зургаан жил өөрийн хүч чадал, авьяас билгээ дайчлан ард түмэн, дэмжигч олондоо уран бүтээлээ хүргэж ирсэн, авьяаслаг дуучин, “Номин талст” хамтлагийн гишүүн, нийгмийн зүтгэлтэн А.Хаянхярваагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Тэрбээр 1997 онд СУИС-д элсэн орж, 2002 онд Дуулаач мэргэжлээр төгссөн. А.Хаянхярваа нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, бие даасан болон хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг ард олондоо хүргэж ирсэн юм. Тухайлбал, 1998 онд “Гэрэл сүүдэр” тоглолт, 2000 онд “Ээждээ” цомгийн нээлтэд зориулсан тоглолт, 2004 онд “Нэмэх хасах цэнэг” тоглолт, 2005 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Үүр битгий цайгаасай” тоглолт, 2007 онд Ub palace-ийн концертийн их танхимд “Номин талст 10 жил” тоглолт, 2012 онд Номин талст хамтлагийн 15 жилийн ойд зориулсан тоглолт, 2014 онд “Номин талст 2014” цомгийн нээлтэд зориулсан Unplugged concert, 2023 онд “Хаянаа энд Дээгий” тоглолыг Улаанбаатар хот, Австрали, Солонгос, Япон улсуудад амжилттай зохион байгуулж, олон нийтийн талархлыг хүлээсэн юм.
А.Хаянхярваа нь “Номин талст” хамтлагийн гишүүн бөгөөд “Номин талст” хамтлаг нь Монгол Улсын 21 аймгийг 3 удаа тойрч ард түмэндээ уран бүтээлээ хүргээд байна. Түүнчлэн А.Хаянхярваа нь хамтлагийн гишүүдтэйгээ хамт Монгол Улсын 360 суманд давтагдсан тоогоор 300 гаруй тоглолт хийжээ. Тус хамтлаг нь 2000 оноос гадаад оронд, тухайлбал, АНУ, Англи, Солонгос, Япон, Европын Холбооны Улс, Хятад, Австрали Улсад ажиллаж, сурч байгаа монголчууддаа бүрэн хэмжээний тоглолтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, уран бүтээлээ туурвисан.
“Номин талст” хамтлаг нь 1998 онд Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах Пентатоник наадам "Шилдэг дебют" хамтлаг, 1999 оны шилдэг хамтлаг, Алтан микрафон наадмын Олны таашаал шагналыг 2001, 2002, 2003, 2004 онд хүртсэн бөгөөд Hi Fi record Алтан пянзын эзэн болсон юм.
Хамгийн сүүлд тэрбээр хамтлагийн гишүүдтэйгээ хамт 2024 онд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэнд “Night with us Номин талст энд Камертон” тоглолт зохион байгуулж, үзэгч, сонсогч, дэмжигчиддээ уран бүтээлээ хүргэсэн юм.
А.Хаянхярваа одоогийн байдлаар бие даан болон хамтлагийн гишүүдийн хамтаар “Гэрэл сүүдэр”, “Ээждээ 1”, “Ээждээ 2”, “Татах хүч”, “Номин талст 2014”, “Анхны захидал” гэсэн 6 цомог гаргаад байна.
Ташрамд, А.Хаянхярваа нь мэргэжил боловсролоо дээшлүүлэн 2002 онд СЭЗДС-д элсэн суралцаж 2005 онд Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2003 оноос МАСЗХ-ны гишүүн, 2005 оноос МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2007-2011 он Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллан, олон нийтийн сонгуульт ажлыг хариуцлагатай хашиж ирсэн юм. Түүнчлэн Дэлхийн франчайз шоу болох “Masked singer Mongolia” шоуны ялагч, “That's my gem” шоуны ялагч, “Яг түүн шиг” шоуны ялагч, “Түнэр харанхуй” шоуны ялагчаар тодорсон авьяаслаг нэгэн билээ.
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Цаг үе2021/05/21
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Үзэл бодол2020/01/21
Цахимд цуурахад учир бий...
-
Улстөр нийгэм2024/05/31
Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг бай...
-
Улстөр нийгэм2020/12/14
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.14-ний 11...
