Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
- Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Ламжавын Доржцэдэн,
Гавьяат тээвэрчин цолоор:
- “Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Найдангийн Ембүү,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич Санжийн Цэндсүрэн,
- Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Батнасангийн Болдбаатар,
Гавьяат багш цолоор:
- Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Дашзэвэгийн Сэржамц,
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Жамбалдоржийн Эрдэнэчимэг,
- Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Өнөрийн Дэлгэр,
- Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Доржготовын Наранцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Гүрбазарын Циенсүрэн,
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Мишигдоржийн Болдбаатар,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Бат-Очирын Лхагвасүрэн,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Рэгзэнгийн Нямжав,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун,
Гавьяат жүжигчин цолоор:
- Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин Мөнхболдын Мөнхтуул,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Их өрнөл” ХХК-ийн захирал Хайнзангийн Чоймпог,
- Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Нанзадын Бадамханд,
- Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Балганцэрэнгийн Баяр,
- “Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа,
Алтан гадас одонгоор:
- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Халзангийн Эрдэнэбилэг,
- “Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин Сүхбаатарын Хүрэлсүх,
- “Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Мишигдоржийн Майцэцэг,
- “Мишел Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Янжиндулам,
- “Мишел Амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Чойгаалаагийн Нямханд,
- Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Хүдэрчулууны Оюунтуяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
- “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Батбаатарын Гэрэлтуяа,
- Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Болдбаатарын Шижир нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.





Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Улстөр нийгэм
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
-
Улстөр нийгэм2024/10/02
Хууль сахиулах салбарын “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” нээлтээ...
-
Цаг үе2024/04/04
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Цаг үе2025/09/15
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
-
Урлаг спорт2021/05/25
Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов





