Цаг үе
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 29 болон 12-р сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 12-р сарын 01-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 1-3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 12-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг үе
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.
Үүнээс хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас 1 хүүхдийн амь нас хохирч, 6 хүүхэд хүнд, 8 хүүхэд хүндэвтэр, 1 хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай 2 хүний амь нас хохирч, 5 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Мөн гадаад улсын 1 иргэн гэмтсэн байна.
Дээрх зам тээврийн ослын дийлэнх буюу 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан байх бөгөөд жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан үйлдэгджээ.
Тодруулбал: Жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 5, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоны улмаас 7 хүнийг явган хүний гарц дээр мөргөсөн тохиолдол гарсан байна.
Осол гаргасан жолооч нарын 5 нь согтуугаар үйлдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаж явган зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 1 тохиолдол байна.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тохиолдолд заавал хурдаа хасах, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх, мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчийг өнгөрөөх, хүлээх үүрэгтэй.
Тиймээс жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Цаг үе
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцолжээ.

Тодруулбал PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан талаар албаныхан танилцууллаа. Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн” гэдгийг тодотгосон байна.
Ташрамд дуулгахад 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байсан гэлээ.
Цаг үе
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана.
Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм. гэж НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ-с мэдээллээ.





-
Цаг үе2021/03/30
Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
-
Цаг үе2024/07/18
ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна
-
Цаг үе2023/03/17
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлл...
-
Цаг үе2019/12/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
