Шударга мэдээ
Төрийн банк БОУАӨЯ-тай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Төрийн банк болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулсан байна.
Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус санамж бичгийг байгуулснаар талууд хамтран байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад чиглэсэн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, банкны тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг тэлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа.
Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





-
Үзэл бодол2023/08/02
М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй
-
Цаг үе2026/05/25
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажил...
-
Цаг үе2020/11/18
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2025/06/10
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
