Улстөр нийгэм
“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.
“Өсвөр үе - Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна. Хүүхдүүдийн хийсэн видео зохиомжуудаас түүвэрлэн, хөтөлбөрийн нээлтийн үеэр үзүүлж сонирхуулав.
Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. Тэднийг төлөөлөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Мөнгөнцэцэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Ж.Хантамир нар сэтгэгдлээ хэллээ. Сурагчид өөр өөрсдийн сургуулийн орчны эхүүл ахуй, аюулгүй байдалтай холботой тулгамдсан асуудлыг ярьж, “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт оролцох сэдэл, зорилгоо үе тэнгийнхэнтэйгээ хуваалцав.
Хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа анх 2021 онд хөтөлбөрийг эхлүүлж байхад хүүхдүүдийг улс төрд татан оролцуулах гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан бол эндээс хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний хөгжил, зөв амьдрах зэрэг өөртөө болон нийгэмд хэрэгтэй маш их мэдлэг, мэдээллийг авч, амьдарч буй нутаг, орондоо бусдыг манлайлж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг идэвхтэй хүмүүс болж буйг хараад олон нийтийн хандлага өөр болсныг онцлон дурдав. Өнгөрсөн гурван жилд хөтөлбөрт хамрагдсан 330 хүүхэд бүгдээрээ өөр хоорондоо найз болж, нөхөрлөсөөр байгаагийн зэрэгцээ улсын хэмжээний бүхий л сургууль, хүүхэд баачуудыг Улсын Их Хуралтай холбох гүүр болж буйг талархан тэмдэглэв. Тэрбээр өмнөх жилүүдийн өсвөрийн парламентчид ямар ямар сэдвийг судалж, шийдвэрлэсэн, тэдгээр нь хууль тогтоомж, бодлого шийдвэрт хэрхэн туссан талаар танилцуулж, энэ удаагийн хөтөлбөрт оролцогчдыг оролцуулбал манай улс нийт 500 шахам гишүүн бүхий өсвөрийн парламентын том сүлжээ бий болж, улам үр дүнтэй, нөлөөлөлтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.
Мөн НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан “Өсвөрийн Парламент-2024″-ийн оролцогчдод амжилт хүсч үг хэлэв. Тэрбээр, хүүхдийн эрхийн тухай товч дурдаж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах болон оролцооны эрхүүд бүгд өөр хоорондоо уялдаатай, харилцан нөхцөлдөж байдгийг тайлбарлан ярьсан юм. НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварыг эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдүүдэд хийх хүний папиллома вирусын вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчдын эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг товч танилцуулав. Мөн тус сангийн дэмжлэгтэйгээр “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн суралцахуйг дэмжиж ажилладаг багш, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа суурин төлөөлөгч танилцуулгадаа дурдлаа.
“Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь тавив. Иргэний эрх, үүрэг парламентад яагаад чухал болох тухай илтгэлдээ тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө болон үндсэн ба журамт үүргүүд, дэлхий дахинд парламент хэрхэн үүссэн, ямар замнал түүхийг туулж, хэрхэн хөгжсөн, иргэдийг төлөөлөх, хууль тогтоох, хянах үүргийг хэрэгжүүлдэг парламентад иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх зэргийг дурдаад, Монгол Улсын Их Хурал олон нийтийн оролцооны дэвшилтэт хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байгааг танилцууллаа.
Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар илтгэл тавив. Тэрбээр монгол хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчлөлүүд, тэдгээрийн дотор шүдний эмгэг, сүрьеэгийн халдвар, таргалалт болон жингийн илүүдэл, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөв байдлын талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Япон Улс сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг 1957 онд, БНСУ 1967 онд тус тус баталснаар дундаж наслалт жил дараалан өссөнийг тэрбээр жишээлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг сургуулиар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг онцолсон юм.
Дараагийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр зохиомжилсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн эрэл хайгуулын чиг хандлагын талаарх богино хэмжээний видео шторкыг толилуулаад, өөрийн санаачлан хөгжүүлж буй олон улсын сансар судлалын “MARS-V” төслийн тухай танилцуулсан юм. Тэрбээр хүн төрөлхтөн хөгжлийн тав дахь үедээ орж, дэлхийгээс 54.6 км зайд орших Марс гарагийг “байлдан дагуулах” олон улсын хамтын ажиллагааны тухай хураангуйлан ярив. Манай улс энэхүү хамтын ажиллагаанд 17 дахь орон болж нэгдсэн бөгөөд Монголын говь нутаг Марс гарагийн экологийн онцлогтой хамгийн ойролцоо учир шинжлэх ухааны туршилт, сансар судлалын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн төв байх боломжтойг тэрбээр онцолж, агаар мандлын 37 000 метрт буюу Марсын агаар мандалтай ойролцоо хэсэгт хүргэж бөмбөлөг хөөргөн судалгаа хийж чадсан тухай болон Монголын эрдэмтэн, судлаач нар Марс гарагт ажиллах техник, тээвэрлэгчийг бүтээх олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлж буй тухай болон сансрын нисэгчдийн хэрэглэх хатаасан хүнсийг манай эрдэмтэд бэлтгээд байгааг бахархан дурдлаа.
“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлтэд сургагч багш нарыг төлөөлөн Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, хөтөлбөрийн өмнөх жилүүдийн нийт оролцогчдыг төлөөлж “Өсвөрийн парламент 2023”-ын шилдэг оролцогч Л.Дүүрэнбилэг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2021/04/26
УИХ-ын түр болон байнгын хороод энэ долоо хоногт...
-
Цаг үе2026/06/19
2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
-
Улстөр нийгэм2020/12/24
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ...
-
Улстөр нийгэм2024/06/05
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод ...
