Цаг үе
Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно
Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдээ хэрхэн дэмжих, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн зүгээс тодруулсан.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, миний бие дэд даргаар нь ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь орон нутагт ажиллаж байгаа иргэдийг хямд орон сууцаар хангах, газрын үнэлгээг өсгөж, амины орон сууцыг бодлогоор дэмжих асуудал юм.
Хэнтий аймаг нь дэд бүтэцтэй холбогдсон гурван аймгийн нэг юм. Хашаанд нь дэд бүтэц холбогдох боломжтой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, хувийн орон сууц барьж болно. Урьдчилгааны 10 хувийг нь төлөөд, үлдсэн 20 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргаж болох зохицуулалтыг хийсэн.
Ингэснээр олон айл өрх хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэж байна. Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 7 мянга гаруй өрх байгаагийн 30 хувь орон сууцанд амьдарч байна.
Цаг үе
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх боломжтой юм. Мөн салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломж бүрдэнэ.
Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар, нислэгийн тийз, даатгал, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд, аяллын тоног хэрэгслийн нийлүүлэгчид, аяллын бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч дотоод болон гадаадын байгууллагууд оролцоно. Мөн олон улсаас БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорац, БНХАУ-ын Саня хотын Залуучуудын аяллын агентлагаас төлөөллүүд оролцох юм.

Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ажил эрчимтэй өрнөж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн.

Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбох ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх аж. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй юм. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дашрамд дурьдахад, дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.
Цаг үе
АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлээд байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс хүүхдийн “Соёл”, ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 хүүхдийн зуслангийн өмч хувьчлалын асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг авахуулахаар ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
-
Үзэл бодол2019/09/17
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо
-
Үзэл бодол2020/10/19
Б.Батбаатар: ФАТФ-ын шалгуур өөрчлөгдөх болгонд Монгол Улс хөл нийлүүлэн алхах н...
-
Цаг үе2023/01/03
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд!
-
Улстөр нийгэм2023/03/24
УИХ: Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцлаа
