Улстөр нийгэм
ХӨСҮТ: Цэцэрлэг, сургууль эхэлсэнтэй холбоотой вирусийн тархалт нэмэгдэж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.02.14/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул:
-2025 оны зургадугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын мэдээг танилцуулъя. Вирусийн тархалт шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 60.9 хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Өмнөх тавдугаар долоо хоногтой харьцуулахад, энэ тоо хэмжээ 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн долоо хоногт вирусийн тархалт нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэж байна. Зургаан төрлийн эмгэг төрүүлэгчийг задлавал реновирус, амьсгалын замын синцитиал вирусийнн халдвар давамгайлах хандлагатай буюу тус бүр 20.3 хувийг эзэлж байна. Ялангуяа реновирус вирусийн тархалт 14.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад улирлын томуугийн идэвхжил өндөр түвшинд байна.
- Европын улс орнуудад улирлын томуугийн вирусийн бүх хэв шинж, Хойд Америкийн орнуудад томуугийн А вирус, Азийн улс орнуудад А(H1N1)pdm09 вирус давамгайлан орчилд байна.
- SARS-CoV-2 вирусийн идвэхжил Европ, Өмнөд Америк, Өмнөд Азийн улс орнуудад өндөр байна.
- Сармагчны цэцэг өвчний 2025 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар анх бүртгэгдсэн 2022 оноос хойш нийт 128 оронд 123 мянга гаруй бүртгэгдээд байна. Мөн өчигдрийн ирсэн мэдээллээр Франц улсад сармагчны цэцэг өвчний нэг, Тайланд улсад гурван тохиолдол, Бангладеш улсад зика вирусийн халдварын толхиолдлууд бүртгэгдсэн байна.
Иймээс манай иргэд гадаад улс орнуудад албан болон албан бусаар зорчих, удаан хугацаагаар амралтаа өнгөрөөх, аялах байдлаар нилээд явдаг тул та бүхэн маань өөрсдийгөө хамгаалах, тухайн очиж буй улс орнуудад ямар өвчлөл зонхилж байгааг судлах, юуг анхаарах, ямар вакцин хийлгээд явах талаар мэдээлэл зөвлөмж авах бүрэн боломжтой.
Менингококкт халдвар 5-6 жилийн зайтай хүн амын дунд дэгдэлтийг үүсгэдэг ба 2019 онд дэгдэлт бүртгэгдснээс хойш 5-6 жил болж байна. Сүүлийн 10 жилийн менингококкт халдварын хөдлөл зүйг сараар авч үзвэл 1-5 дугаар сард өндөр бүртгэгддэг зүй тогтол байна. Өнгөрсөн 2024 оноос эхлэн ирэх жилүүдэд нэмэгдэж, тогтвортой хугацаанд үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг эмч нар онцоллоо.
Иймээс иргэд дараах зөвлөмжийг байнгын дагаж мөрдөөрэй.
- Амны хаалт зөв газарт зөв зүүж, зөв хаях
- Дотоод орчны чийгтэй цэвэрлэгээ
- Агаар сэлгэлт
- Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах
- Хүүхдийн байгууллагуудад шинж тэмдгийн тандалт
- Зовиур илэрвэл эмчид хандах, эмчээс зөвлгөө авах
- Дархлаагээ дэмжих
- Дулаан хувцаслах
- Хамар хоолой амны хөндийн архаг үрэвслийг эрт илрүүлж эмчлэх
- Шим тэжээлтэй хоол хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Хүүхдийг үнсэхгүй байх
- Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх, цайллага, уулзалт зохион байгуулахдаа онцгой анхаарах
- Зөв мэдээллийг зөв сувгаар авах
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


-
Улстөр нийгэм2025/07/07
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2024/09/02
Д.Амарбаясгалан: Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүү...
-
Улстөр нийгэм2019/06/23
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
-
Цаг үе2019/08/29
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
