Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болов

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд “Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр  Төрийн ордонд болов.  

Хэлэлцлүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Д.Ганмаа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 150 хүн оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь шинэчлэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн энэ удаагийн хэлэлцүүлгээр хүнсний салбарын стандартын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхдөө гарц, шийдлийг нь илүүтэй ярьж, хууль эрх зүйн орчноо хамтдаа сайжруулахад анхаарч, оновчтой санал хэлж, ажил хэрэгчээр хандахыг оролцогчдоос хүслээ.

Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд салбарын яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар илтгэлт тавьсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр тавьсан илтгэлдээ, газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарын хууль болон, салбарт мөрдөгдөж буй стандартын талаар танилцуулсан.

Тус салбарт мөрдөгдөж буй стандартын хэрэгжилттэй доорх зургаас танилцана уу. 

Мөн тус илтгэлд хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны тоног төхөөрөмж сав хэрэгслийн хийц, чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлагын (төрөл бүрийн ган төмөр хөнгөн цагаан, никель савны марк, төрөл болон хуванцарын төрлийг тодорхой тусгасан стандартыг батлах) стандарт боловсруулах, хөлдөөсөн, хагас боловсруулсан бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлтийг тусгасан стандарт боловсруулж, батлах шаардлагатай байгааг дурдсан. Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд вирусны шинжилгээ хийх, шинжилгээний аргачлалын стандарт боловсруулж батлах, тропик субтропикийн бүсэд тариалдаг жимс жимсгэнэ болох гадил, алим, лийр, жүрж, гоо жүрж, хан боргоцой болон хүнсний ногооны ерөнхий шаардлагын стандартуудыг орчуулж нутагшуулах, худалдааны чиглэлээр бөөний худалдааны газар түүний үйлчилгээ, цахим болон шууд худалдаа, зах, худалдааны төв, хүүхдийн дэлгүүр, төрөлжсөн дэлгүүр, агуулах дэлгүүрийн стандарт, тавих шаардлагыг батлах,  хүнсний сүлжээнд ул мөрийг мөшгих тогтолцоог цахимжуулах эрх зүйн болон техникийн нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлсэн байлаа.

Дараа нь Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Хүнсний салбарын стандарт-бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Уг илтгэлд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд 658 стандарт байгаагаас 256 буюу 38.9 хувь нь олон улсын түвшинд хүрснийг дурджээ.

Хүнсний салбарын 683 стандартад үзлэг хийхэд шинээр боловсруулах шаардлагатай 30,  шинэчлэх шаардлагатай 153, хүчингүйд тооцох 50, хэвээр үлдээх 480 байгааг С.Батбаатар дарга тодотгоод 2024 оны байдлаар шинээр боловсруулсан 9, шинэчлэн баталсан 10 буюу нийт 19 стандартыг баталсан. Энэ онд нийт 20 стандартыг батлахаар төлөвлөсөн гэж байлаа.

Харин Монгол Улсын хэмжээнд нийт 15 техникийн зохицуулалт мөрдөгдөж байгаагийн дөрөв нь хүнсний салбарт хамаардаг аж. Тодруулбал, согтууруулах ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, бялууны төрлийн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа техникийн зохицуулалттай байдаг аж. 

Стандарт, хэмжил зүйн газрын дарга илтгэлдээ, цаашид мэргэжлийн байгууллага, лабораториудын хүний нөөцийн чадавх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх, стандартын судалгаа шинжилгээний төв байгуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, кодексийн үндэсний хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх “Мал эмнэлгийн салбарын хяналт, стандартын хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх асуудал”  сэдвээр илтгэл тавилаа. Мал эмнэлгийн хяналтын хүрээнд 2023 онд 210 зөрчилд 62.96 сая төгрөгийн торгууль ноогдуулсан бол, 2024 онд 391 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяалах прокурорын байгуулагад хянуулан 176.273.200 төгрөгийн торгууль ноогдуулж барагдуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин өссөн үзүүлэлттэй байгааг илтгэлд дурдсан байв.

Тус илтгэлд улсын хэмжээнд 21 аймаг болон нийслэлийн 933 ерөнхий тусламж үйлчилгээний нэгж стандартын хэрэгжилтийн үзлэгт хамрагдсан бөгөөд эрсдэлийн түвшингээрээ бага эрсдэлтэй 454, дунд эрсдэлтэй 435, их эрсдэлтэй 44 байсан бол 34 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн байлаа.

Мал эмнэлгийн лабораторийн сүлжээнд төрийн нийт 25 лаборатори харьяалагддаг байна. Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторит шалгагдаж буй эм, бэлдмэлийн төрлийг доорх зурагнаас харна уу.

Цаашид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулагад 2025 онд үхрийн тархи сархиагтах, шүлхийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2023 онд бог малын мялзан өвчингүй тайван болох, Монгол Улсад ямааны годрон, үхрийн сүрьеэ өвчингүй, тайван болохыг тус тус баталгаажуулах, нийслэл болон томоохон суурин газрын орчмын мал сүргийг зооноз өвчнөөс эрүүлийг баталгаажуулах, зарлах, хил орчмын мал эмнэлгийн хамгаалагдсан эрүүл бүс байгуулж, хөрш оронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтыг Мал эмнэлгийн ерөнхий газраас тавьж буйг илтгэлд дурджээ.

Хэлэлцүүлэг Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандахын “Хүнсний үйлдвэрийн салбарын стандарт үйлдвэрт хэрхэн нийцэж буй асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжилэв. Уг илтгэлд хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний стандарт хэт хуучирсан, шинэчлэн боловсруулах шаардлагатайн зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, стандарт боловсруулахад лабораторийн иж бүрэн шинжилгээ хийж чадахгүй байгааг дурджээ. Мөн стандарт боловсруулах зардал төсөвт тавигддаггүй, шинээр стандарт боловсруулж, батлуулах үйл явц хэт удаан, хүндрэлтэй, хүнсний бүтээгдэхүүнд стандартын шаардлагын дагуу лабораторийн шинжилгээ хийж чанар, аюулгүй байдлыг бүрэн хянах боломжгүй, хүнсний бүтээгдэхүүний стандартын хэрэгжилтийг хангуулах хөндлөнгийн хяналтын байгууллага, улсын байцаагч тодорхойгүй байгааг М.Нармандах илтгэлдээ онцлов.

Дараа нь Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх “Импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт, стандартын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлээ танилцуулсан. Тэрбээр, гаалийн хилээр нэвтрүүлж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтэд нийт 500 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 30 дугаар тушаалаар хүнсний салбарын стандартыг боловсронгуй болгох чиглэлийн дагуу хилээр нэвтрэхэд хэрэглэгддэг стандартын жагсаалтыг гаргаж, мөн стандартуудыг судлан, хянаж, шинэчлэн боловсруулахаар 122 стандартад саналаа өгсөн хэмээв. Мөн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 12.3 дахь заалтад “олон улс, бүс нутаг гадаад орны дэвшилтэт стандартыг бүртгүүлэн” хэрэглэж болно гэсэн заалтын дагуу хэрэглэж байх хугацаандаа үндэсний стандарт болгон боловсруулах боломж байдаг талаар импортлогчдод арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна гэв.

Тус илтгэлд Хүнсний тухай  хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд гаалийн мэдүүлэгт хугацааг заавал бичүүлэх “талбар”-ыг бий болгон, хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. 2024 онд лабораторийн шинжилгээнд хамруулсан мэдээг нэгтгэхэд нийт 6591.0 мянган тонн бараа бүтээгдэхүүнээс 25538 удаа 84.0 мянган килограмм бараа, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан байна. Нийт шинжилгээнд хамрагдсан бараа, бүтээгдэхүүнээс 130535 үзүүлэлт буюу 99.9 хувь шаардлага хангаж, 234 үзүүлэлт буюу 0.1 хувь нь шаардлага хангахгүй дүнтэй гарсныг онцлон тэмдэглэв.

Тус илтгэлд гаалийн байгууллага эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт явуулахад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийт 9 хуулийн 24 заалтыг засах, “Хүнсний сүлжээн дэх тээвэрлэлтийн ерөнхий шаардлага” стандартыг боловсруулж, мөрдүүлэх шаардлагатайг дурдахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шинжилгээнд хамруулахад ажлын 14 хоногт шинжилгээний дүн гарч байгаа нь хүндрэл учруулж байгааг дурдсан байв. Мөн хүнсний хяналтын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд салбар хоорондын үйл ажиллагааг тодорхой болгох, хүнсний сүлжээн дэх хяналт тавих байгууллага, хяналтын чиглэл, чиг үүргийг тодорхой болгоогүйгээс хяналтын болон бодлогын уялдаа холбоо хангагдахгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж байна гэсэн байлаа.

Хэлэлцүүлэг Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбатын “Хүнсний тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл”, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнийн “Хүнсний аюулгүй байдал ба стандартын хэрэгжилт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид малын мах, сүүн бүтээгдэхүүнд антибиотекийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн талаарх тандалт судалгааг өргөн хүрээнд хийж буй талаар, хүнс, ялангуяа хүүхдийн хоол тэжээлийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд чиглэсэн хяналтыг хэрэгжүүлж буй эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглох асуудалд хяналт тавьдаг болох, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшлийн лабораториудын үйл ажиллагааг дэмжих, мөрдөгдөж буй стандартууд хуучирсан нь шинэ тутам сайжруулж, хөгжүүлж буй бүтээгдэхүүнтэй нийцэхгүйгээс хяналт шалгалтаар сөрөг үнэлгээнд тооцогддог байдлыг яаралтай засаж залруулах,  зөвхөн төр бус хүнсний салбарын мэргэжлийн холбоодууд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх чиглэлд илүү идэвхтэй оролцох шаардлагатай талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох