Улстөр нийгэм
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд өгсөн мэдээллээс хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд цугласан хэвлэлийн төлөөлөгчид өө,
Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Чехийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж, харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэсэн түүхэн айлчлал болж байна.
Үзэсгэлэнт сайхан Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг юм.
Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлж байсан. Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй.
Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж ирсэн.
Бид ололт, амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж үзэж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа.
Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа.
Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтэц, агаарын болон хуурай замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо.
“Тэрбум мод” болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх боллоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Чехийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг билээ.
Чех хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна.
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсад суралцаж байгаа монгол залуус ч найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг бид 2023 онд байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгаалал баталгаажсанд талархаж байна.
Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон төр, засаг, аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье.
Хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, түүх, соёл, үнэт зүйлсээ харилцан таниулж, сурталчлах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулж байгаа нь найрсаг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Үзэсгэлэнг Чех болон Европын олон орны иргэд үзэж сонирхоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын нэгэн илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч, “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор чех анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна.
Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд олон арван аж ахуйн нэгж оролцож байгаа нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.
Эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой.
Та бидний хэлэлцэн тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг манай хоёр улсын нийтлэг үнэт зүйл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тааламжтай цагтаа төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлье.
Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Хэвлэлийн төлөөлөгчид өө,
Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий.
Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа.
Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна.
Төрийн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуйн нэгж холбоо тогтоож, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.
ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
