Улстөр нийгэм
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтаар 590 зөрчлийг тогтоож анхааруулав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8600 гаруй иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэв.
Энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэх буюу нэр дэвшигч нь өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд захирах буюу шууд хяналт тавих нэгжид ажиллахаар нэр дэвшсэн, ажиллах байгууллага, салбар нэгжийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой чиглэлээр өмнө нь хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага үүсгэн байгуулсан, удирдах бүтцэд болон эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдэж байсан, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчиж буй зэрэг 590 зөрчлийг тогтоож анхааруулсан байна.
Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай нийт 31 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх хувийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нутгийн захиргааны байгууллага эзэлж байна. Тухайлбал “Цемент шохой” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Өвөрхангай аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн ИТХ, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага байна.
Ялангуяа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлахгүйгээр тухайн албан тушаалд шууд томилох, хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар энэ нь тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байна.
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгаа зөрчлийг арилгуулахаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүллээ.
Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй, томилохгүй байх талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
